Дональд Трамп цаашид аль улсуудыг онилж байна вэ?

Дональд Трамп цаашид аль улсуудыг онилж байна вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааг тодорхойлох гол хүчин зүйл нь түүний гадаад бодлогын амбиц болоод байна. 

Тэрээр Венесуэлийн эсрэг заналхийллээ бодит байдал болгож, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро болон гэргийг нь баривчлан, Нью-Йорк дахь шоронд шилжүүлэн саатуулаад байгаа билээ. АНУ-ын зэвсэгт хүчний өнгөрөгч бямба гарагт зохион байгуулсан энэхүү цэргийн ажиллагаа нь олон улсад ихээхэн шүүмжлэл дагуулж, Венесуэлийн түнш орнуудыг ярвигтай байдалд оруулаад байна.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч Трампын бусад улс орны эсрэг хийсэн зарим анхааруулга, сүрдүүлгийг "BBC" агентлаг онцолсныг орчуулан хүргэж байна.

Гренланд

a86a1580ed6944c19664bbc0702c51d4

АНУ Гренландад цэргийн баазтай ч Ерөнхийлөгч Трамп арлыг бүхэлд нь авахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тус бүс нутгийг тэрээр "Хаа сайгүй Орос, Хятадын хөлөг онгоцоор бүрхэгдсэн" хэмээгээд, "Үндэсний аюулгүй байдлын үүднээс бидэнд Гренланд хэрэгтэй" гэж сэтгүүлчдэд хэлсэн юм.

Данийн Вант Улсын харьяа Гренланд улс нь АНУ-аас зүүн хойд зүгт 3200 км орчим зайд орших, дэлхийн хамгийн том арал билээ. Газарзүйн хувьд Атлантын далайн хойд хэсгийн стратегийн чухал байр суурь эзэлдэг бөгөөд Арктикийн тойрог руу нэвтрэх боломжийг олгодог. Туйлын мөс хурдацтай хайлж байгаа учир ирэх жилүүдэд шинэ тээврийн замууд нээгдэх төлөвтэй байна. 

Түүнчлэн, Гренланд нь газрын ховор металлаар баялаг бөгөөд эдгээр нь ухаалаг утас, цахилгаан тээврийн хэрэгсэл, цэргийн техник хэрэгсэл үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэл АНУ-ынхаас хол даваад байгаа юм.

Харин Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен Ерөнхийлөгч Трампын мэдэгдлийн хариуд "Тус арлыг АНУ хянана" гэх "Уран зөгнөл"-өө зогсоохыг уриалжээ.

Колумби

f372950d2b874b5f8d2879f61d3f7da3

Венесуэл дэх цэргийн ажиллагаанаас хойш хэдхэн цагийн дараа Дональд Трамп Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петрод "Болгоомжтой байгаарай" хэмээн анхааруулсан юм.

Венесуэлийн баруун хөрш Колумби нь газрын тосны баялаг нөөцтэй бөгөөд алт, мөнгө, маргад, цагаан алт ба нүүрсний томоохон үйлдвэрлэгч билээ. Мөн тус бүс нутгийн хар тамхины наймааны үйл ажиллагааны гол төв гэж нэрлэгддэг.

Ерөнхийлөгч Петро картелиудыг "Цэцэглэн хөгжих"-ийг зөвшөөрч байна гэх үндэслэлээр АНУ өнгөрсөн оны аравдугаар сард түүний эсрэг хориг арга хэмжээ авсан. Харин Ерөнхийлөгч Трамп өнгөрөгч ням гарагт "Колумбийг кокайн үйлдвэрлэж, АНУ-д зарах дуртай, солиотой хүн удирдаж байна. Гэхдээ тэр цаашид удаан хугацаанд ингэж чадахгүй" гэж мэдэгдсэн юм.

АНУ Колумбид чиглэсэн цэргийн ажиллагаа явуулах эсэхийг түүнээс асуухад Трамп "Надад бол сайхан сонсогдож байна" хэмээн хариулжээ.

Түүхийн хувьд, Колумби нь Вашингтоны хар тамхины эсрэг дайнд ойрын холбоотон байсан бөгөөд картелиудтай тэмцэхийн тулд жил бүр хэдэн зуун сая ам.долларын цэргийн тусламж авдаг байв.

Иран

711eca114a64492f92d8351ec82044bf

Ираны Засгийн газрын эсрэг олон нийтийн эсэргүүцлийн жагсаал ид өрнөж байгаа энэ үед дахиад олон жагсагч амь үрэгдсэн тохиолдолд тус улсын эрх баригчид "Маш хүнд цохилт амсана" гэж Дональд Трамп анхааруулсан юм.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Бид нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байгаа. Хэрэв тэд урьд өмнөх шигээ хүмүүсийн аминд хүрч эхэлбэл АНУ маш хүнд цохилт өгнө" хэмээжээ.

Израиль улс Ираны цөмийн зэвсэг боловсруулах чадавхыг таслан зогсоох зорилгоор томоохон хэмжээний ажиллагаа эхлүүлсний дараа АНУ Ираны цөмийн байгууламжуудыг онилон сүйтгэсэн билээ. Өнгөрсөн онд болсон энэхүү цэргийн ажиллагааны дараагаар ч Трамп цаашид илүү арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Дональд Трамп болон Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар өнгөрсөн долоо хоногт албан ёсоор уулзах үеэр Ираны асуудал хэлэлцэх сэдвүүдийн тэргүүн эгнээнд байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Мексик

66b7379828e74f99a87e7b3331e7ac78

АНУ-ын Мексиктэй хиллэдэг өмнөд хил дагуу хана барих уриалга гаргаснаар Трамп 2016 онд засгийн эрхэнд гарч байсан билээ. Харин 2025 онд дахин Ерөнхийлөгчийн суудалд суусан тэрээр албан тушаалаа авсан эхний өдрөө Мексикийн буланг "Америкийн булан" гэж нэрлэх тухай захирамжид гарын үсэг зурсан юм.

Мексикийн эрх баригчид АНУ руу чиглэсэн хар тамхи, хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд хангалттай арга хэмжээ авахгүй байгааг Ерөнхийлөгч Трамп удаа дараа тэмдэглэсээр ирсэн. Харин өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ тэрээр "Мексикээр дамжин хар тамхи урсан орж ирсээр байна. Бид үүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ авна" гэсэн юм.

Гэвч Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум тус улсын нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн ажиллагааг огт зөвшөөрөхгүй гэдгээ нээлттэй мэдэгдээд байна.

Куба

5af118a0f2854493899c6e1ce5cb0086

Флоридагаас өмнө зүгт ердөө 145 км-ийн зайд орших тус арлын улс нь 1960-аад оны эхэн үеэс хойш АНУ-ын хориг арга хэмжээн дор оршиж байгаа билээ. Куба нь Ерөнхийлөгч Николас Мадурогийн Венесуэл улстай нягт харилцаатай байсан ирсэн. Гэтэл одоо Венесуэлийн Засгийн газрыг нэг хэсэгтээ АНУ удирдана гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн.

Тэрээр мөн "Куба нурж унахад бэлэн байгаа тул АНУ-ын цэргийн оролцоо шаардлагагүй" гэж хэлсэн юм.

Венесуэл нь Кубын газрын тосны хэрэгцээний 30 орчим хувийг хангадаг бөгөөд Ерөнхийлөгч Мадурогийн баривчилгааны дараа нийлүүлэлт тасарвал Хавана хүнд байдалд орох төлөвтэй байна. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нь Кубын цагаачдын хүү бөгөөд тус улсад дэглэмийн өөрчлөлт хийх шаардлагатайг эртнээс уриалж ирсэн нэгэн юм. Тэрээр өнгөрөгч бямба гарагт сэтгүүлчдэд хандан "Хэрэв би Хаванад амьдардаг, Засгийн газрын гишүүн байсан бол одоогийн нөхцөл байдал санаа зовох байсан. Ерөнхийлөгч Трампын үг бүрийг нухацтай хүлээж авах хэрэгтэй" гэжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.