БНХАУ: Зарим улс "Дэлхийн шүүгч" мэт аашилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй
АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрөгч бямба гарагт Венесуэл улсад цэргийн ажиллагаа явуулж, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлан, Нью-Йорк дахь шоронд шилжүүлэн саатуулаад байгаа билээ. Түүнийг хар тамхины наймааны хэрэгт холбогдуулан шүүх юм.
Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ явдалтай холбоотойгоор "Дэлхийн шүүгч"-ээр ажиллах гэсэн ямар ч улсыг Бээжин хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн мэдэгдэв.
Тэрээр Пакистаны Гадаад хэргийн сайд Исхак Дартай өнгөрөгч ням гарагт хийсэн уулзалтынхаа үеэр "Бид аливаа улс орныг олон улсын цагдаа мэт авирлахыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Мөн ямар ч үндэстэн өөрсдийгөө дэлхийн шүүгч мэтээр зарлахыг тэвчихгүй. Бүх улсын бүрэн эрхт болон аюулгүй байдлыг олон улсын хуулийн дагуу бүрэн хамгаалах ёстой" хэмээжээ.

Венесуэлийн Засгийн газрыг нэг хэсэгтээ АНУ удирдана гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн нь асуудлыг улам даамжруулаад байна. Бараг 50 жилийн дипломат харилцааны түүхтэй Хятад болон Венесуэл улсууд 2023 онд "Цогц стратегийн түншлэл" хийхээр тохиролцсон юм.
Гэтэл энэ удаагийн хэрэг "Хятадад том цохилт болсон. Бид Венесуэлийн найдвартай түнш мэт харагдахыг хүссэн" гэж албаны эх сурвалж хэлсэн байна.
АНУ болон түүний холбоотнууд 2017 онд Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаснаас хойш БНХАУ эдийн засгийн амин чухал дэмжлэг үзүүлж, 2024 онд ойролцоогоор 1.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байдаг. Эдгээр худалдан авалтын бараг тал хувь нь газрын тос байсан бөгөөд Хятадын төрийн өмчит компаниуд 2018 он гэхэд Венесуэлд 4.6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.