Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлэхийг НИТХ-аар дэмжжээ. Өөрөөр хэлбэл, төслийн 74 хувийг хувийн хэвшлээс санхүүжүүлж, үлдсэн хувийг эргэн төлөх нөхцөлтэй Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргаж, байгальд ээлтэй, стандартад нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсангаас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт 90 мянга орчим зорчилт хийдэг. Гэвч өнөөдөр стандартад нийцсэн, зөвшөөрөлтэй, такси баазын системээр ажиллаж байгаа зөвхөн 5 ААН-ийн 231 такси үйлчилгээ үзүүлж байна. 90 мянган зорчилтын хэрэгцээг 200 такси бүрэн хүргэх боломжгүй. Энэ нь сошиалаар ярьж байгаа шиг төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөж такси үйлчилгээг эрхэлнэ гэсэн үг биш. Харин олон жил орхигдсон такси үйлчилгээний чанарыг сайжруулж, хувийн хэвшил буюу аж ахуйн нэгж 74 хувийг санхүүжүүлнэ. Мэдээж эрсдэлийг хүлээж Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэг үзүүлнэ. Үр дүнд нь, хяналтын нэгдсэн удирдлага, баазын системтэй, апплейкшн бүхий стандартад нийцсэн, эрсдэлгүй, эко такси үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
Нийслэлийн иргэдийн өглөө, оройн зорчилтын байдлыг судлахад 5000 орчим байнгын такси үйлчилгээ шаардлагатай байна. Үүний 20 хувь нь буюу эхний ээлжид 1000 байгальд ээлтэй, хэмнэлттэй такси үйлчилгээг үзүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан. Өнөөдөр НИТХ-аар “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах” төслийг хэлэлцэн дэмжлээ.
Өөр нэг тал нь үнийн хувьд тогтсон бөгөөд хямд байна. Такси 1500 төгрөгөөр үйлчлэх ёстой хэдий ч орой ажил тарах цагаар, шөнийн цагаар 3000-4000 төгрөгөөр ч үнэ нэмж үйлчилгээнд явж байна. Иргэдийн нийт зорчилтын 27 хувийг автобус, такси 7-8 хувийг эзэлдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд такси үйлчилгээний салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгаа. Хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэх нь ч зүйтэй. Энэ бүхний ард 4573 байнгын ажлын байр шинээр бий болно” гэдгийг хэллээ.
Түүнчлэн нийслэлд баталгаатай такси үйлчилгээ дутмаг учраас гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар такси үйлчилгээтэй холбоотой 4500 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 91, зөрчлийн шинжтэй 18 хэрэг бүртгэгджээ. Ихэнх зөрчил таксинд эд зүйлээ мартах, орхигдуулахтай холбоотой байна. Албан ёсны такси үйлчилгээ энэ бүх эрсдэлээс сэргийлж, баталгаа үзүүлэх боломжтой аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.