🔴Ж.Баясгалан: Сумын сургууль тэргэнцэртэй ганцхан хүүхдэд зориулаад лифттэй болжээ
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан 21 аймгаар тойрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонсжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-Монгол Улсад байгаа 111,500 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчид болон орон нутгийн байгууллагуудтай уулзахаар 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан уулзалт маань яг нэг сарын дараа дуусаад, өчигдөр Төв аймагт хаалтаа хийлээ. Ажлын 21 хоногт 21 аймгийн иргэдтэй уулзаад ирлээ. Энэ уулзалтын гол зорилго нь "Хөгжлийн бэрхшээлтэй" гэдэг нэр томьёоноос болж ялгаварлан гадуурхалтад өртөх асуудлын эсрэг хийсэн акц юм.
Аймаг бүрт 90-500 хүн биеэр ирж уулзалтад оролцсон. Бичгээр 2,200, амаар 250, цахимаар 400 орчим, шуудангаар таван санал ирсэн. Хамгийн гол нь орон сууцын тухай асуудлыг хамгийн ихээр хөндсөн байсан. Мөн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл бодитоор хүрэхгүй байгааг хэлсэн. Түүнчлэн, хөдөлмөр эрхлэлт, групп тогтоолтын асуудлыг дэвшүүлсэн.
Жишээ нь, Сэлэнгэ аймагт 4,700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 1,500 нь хөдөлмөр эрхэлж, 372 нь төрийн албанд ажилладаг. Орон нутгийн онцлогоос шалтгаалж жимс ногоо тарьж, хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой учраас өндөр үзүүлэлттэй байна. Мөн тус аймгийн Ерөө сумын сургууль тэргэнцэртэй ганцхан хүүхдэд зориулаад лифттэй болсон байна. Өмнөговьд хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй иргэний орон сууцыг орон нутгийн төсвөөр шийдсэн бол Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эмч нарын орон сууцыг шийдэж өгсөн байна. Тэгэхээр тал талд болж бүтэж байгаа асуудал байгаа ч төр энэ чиглэлээр ажлаа хийхгүй байна.
Өнөөдөр би Ерөнхий сайдтай мэтгэлцээнд орж, 21 аймгийн иргэдээс ирсэн асуултыг асууна. Хэрэв өмнө нь ярьсан асуудлуудад арга хэмжээ авч, шийдэхгүй бол би өөрөө гарын үсэг цуглуулна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.