30 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ

30 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ

“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компани (“ДЦС-3” ТӨХК)-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус компаниас 2022 оны зургадугаар сард “Өрлөг дулаалгын материал (багц-2)”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 738 сая тoгрoгийн үнийн дүнтэй тендер зарласан юм. Уг тендерт “Хасу-Эрчим” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулан, тухайн оны есдүгээр сард 221 саяыг нь “ДЦС-3” ТӨХК-иас шилжүүлжээ.  

Үүнийхээ хариуд Л.Эрхбаатар нь 2022 оны есдүгээр сарын 6-нд “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнээс 30 сая төгрөгийн хахууль Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа автомашиндаа авч байхдаа үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан юм.

Энэ хэрэгт гэрчээр мэдүүлсэн “Хасу-Эрчим” ХХК-ийн санхүүгийн ажилтнууд “Дансанд орж ирсэн мөнгөнөөс 10 000 юань БНХАУ руу шилжүүлэх, 30 сая төгрөг бэлнээр бэлдэх үүрэг захирал Б.Бат-Эрдэнэ өгсөн.  Үүний дагуу 30 сая төгрөг авч бэлтгэж, захирал Б.Бат-Эрдэнэд ХААН банкны хар тортой нь хүлээлгэн өгсөн” хэмээжээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээрх хоёр хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Л.Эрхбаатарыг нийтийн албан тушаалтан хахууль авсан, Б.Бат-Эрдэнийг бусдад албан үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгсөн гэм буруутайд тооцсон юм.

Улмаар “ДЦС-3” ТaХК-ийн захирал Л.Эрхбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 27 сая, “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 10 сая төгрөгрөөр торгох ял шийтгэн, уг мөнгийг зургаан сарын дотор төлж барагдуулахыг даалгалаа. Харин тэдний авч, өгөлцсөн, АТГ-ын Төрийн сангийн дансанд битүүмжлэн хадгалж буй 30 сая төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр болов.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 цагийн өмнө
Ингээд болоо юуу шиитгэлч гэж дээ толгойг нь илээд л өнгөрөх юм да иим хуультай баихад авлага цэцэглэх нь аргагүйдээ хууль чангатгаад өөрчилөө
Зочин 1 цагийн өмнө
Баригдсан нь энэ болохоос өчнөөн хахууль шаагаа нь тодорхой. Дахиад төрд орж бузарлаж өгөн л дөө.