🔴Ч.Хишигдалай: Шатахууны хомстол ойрын өдрүүдэд хэвийн болно
Шатахууны түгээлтийн хомстолын асуудлаар АҮЭБЯ-ны газрын дарга Ч.Хишигдалай мэдээлэл өглөө.
АҮЭБЯ-ны газрын дарга Ч.Хишигдалай:
-Өнгөрсөн долдугаар сард маш олон наадам, аймгийн 100 жилийн ойнууд болсон. Тэгэхэд бид 75 мянга орчим тонн шатахууныг хэрэглэсэн. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сард бид 75 мянган тонныг импортолж оруулж ирсэн ч хомстолтой байсан. Одоо арванхоёрдугаар сард зөвхөн ОХУ-аас 82-83 мянган тонныг авахаар захиалга өгчихсөн байна. Дээрээс нь БНХАУ-аас тодорхой хэмжээгээр авна.
Үйлдвэрийн ачилтын урд хойд хуваарилалт бол байдаг. Арванхоёрдугаар сарын сүүлийн хугацаанд үйлдвэр маань үлдсэн бүтээгдэхүүнээ шахаж нийлүүлэх ёстой. Тэгэхээр энэ хомстол бол түр зуурын асуудал.
Аж ахуйн нэгжүүд санаатайгаар зохиомол хомстол үүсгээд байгаа явдал байхгүй. Зарим нэг ШТС-ын түгээгч нар "Өнөөдөр манай саванд 15 мянган литр бууна. Гурван ээлж найман цагаар ажиллана. Тав, таван мянгаар нь зарна" гэх мэт хуваарилалт хийдэг юм байна. Зарсан орлогоороо цалинждаг учраас иймэрхүү хуваарилалтуудыг хоорондоо ярилцаад хийчихдэг юм байна. Ийм ачаалалтай, доголдолтой байгаа үед аж ахуйн нэгжүүдийг тийм хуваарилалт хийхгүйгээр ажиллах шаардлагыг бид тавиад явж байна.
Монгол Улсад дизель түлш хангалттай хэмжээгээр импортоор орж ирдэг. Гэтэл орон нутаг руу дизель түлшээ ШТС-тай хуваарилалт хийхгүй, өндөр үнэ хэлсэн уул уурхайн компаниуд руу ачилт хийгээд байгаа асуудлаар сайд албан даалгавар өгсөн. Албан даалгаврын хэрэгжилт өндөр түвшинд хэрэгжиж байгаа. Хомстол 2-3 хоногоос хэвийн болно.
Одоогийн нөхцөл байдлын техникийн боломж нь л ерөөсөө энэ. Өглөө 20 мянган литрийг ШТС дээр авчирч буулгаад, 12 цагийн дотор зараад дуусчхаж байгаа юм. Дараагийн бүтээгдэхүүн ирэх хооронд яалт ч үгүй завсар үүсдэг. Зөвхөн нэг компани Улаанбаатар хотын 49 ШТС руу түгээлт хийх тохиолдол байна. Зарим компани 330 сум, багт салбартай байдаг. Тэр болгонд түгээлт хийх нь асар том зохион байгуулалтын ажил. Үүн дээр зарим аж ахуйн нэгж алдаж байгаа явдал байгаа байх.
Яалт ч үгүй Монгол Улс шатахууны 25 хоногийн л нөөц хадгалах боломж байна. Энийгээ нэмэгдүүлэхгүй бол эдийн засаг, уул уурхайн өсөлтөө дагаад бид цаашдаа ийм байдалд тогтмол орно. Төр ямар нэгэн байдлаар дэмжиж, эргээд хариуцлага нэхэж, аж ахуйн нэгжүүдтэй ажиллахгүй бол болохгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.