"Үр дүнтэй хадгаламжийн даатгалын үндсэн зарчмын шинэчилсэн хувилбар”-ыг танилцуулав

"Үр дүнтэй хадгаламжийн даатгалын үндсэн зарчмын шинэчилсэн хувилбар”-ыг танилцуулав
Дэлхийн хадгаламжийн даатгалын тогтолцоог илүү үр ашигтай, оновчтой болгох олон улсын хамтын ажиллагааны томоохон амжилт болж шинэчилсэн “Үр дүнтэй хадгаламжийн даатгалын үндсэн зарчмууд”-ыг Португал Улсын Лисбон хотноо 2025 оны 11 дүгээр сарын 28-нд зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо (ОУХДХ)-ны 24 дэх Жилийн ерөнхий хурлын үеэр албан ёсоор танилцууллаа.
 
Энэхүү шинэчлэлийн ажлын эхний төсөл нь хадгаламжийн даатгалын байгууллагуудын шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын багийн боловсруулсан баримтад тулгуурласан бөгөөд Канад Улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Лиа Андерсон даргалагчийн хувиар төслийг удирдан чиглүүлсэн юм.
 
Төслийн боловсруулалт нь ОУХДХ-ны дээд түвшний удирдлагын зөвлөлийн дор шат дараатайгаар хэрэгжиж, олон улсын түвшний хамтын ажиллагааны хэтийн жишиг болсон. Шинэчлэлийн явцад олон удаагийн хэлэлцүүлэг, засварын процесс өрнөж, Олон улсын валютын сан (IMF), Дэлхийн банк (WB), Базелийн хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (FSB) зэрэг ОУХДХ-ны гол түнш байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилласан нь төслийн чанарыг дээшлүүлэв.
 
2025 оны тавдугаар сараас долдугаар сарын хооронд зохион байгуулагдсан олон нийтийн зөвлөлдөх хэлэлцүүлэг, бүс нутгийн хороодын уулзалтууд болон гишүүн байгууллагуудаас санал авах өргөн цар хүрээтэй үйл явц нь Үндсэн зарчмын шинэчилсэн хувилбарт дэлхийн олон орны хадгаламжийн даатгагчдын бодит туршлага, сорилт, сургамжийг тусгах боломжийг бүрдүүлсэн юм.
 
Ингэснээр шинэчлэгдсэн “Үр дүнтэй хадгаламжийн даатгалын үндсэн зарчмууд” нь зөвхөн онолын түвшний зөвлөмж бус, харин бүрэн эрх, чиг үүргийн хувьд харилцан ялгаатай хадгаламжийн даатгалын байгууллагуудын тухайн орны нөхцөлд нийцэх бодит шийдэл бүхий олон улсын нийтлэг баримт бичиг болж байна.
6128456914c443118e8c677745272706

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.