🔴Б.Пүрэвдорж: Төр ямар гавьяа байгуулсан гэж байраа зарж байгаа иргэнээс хоёр хувийн татвар авах юм

AI хөрвүүлсэн

2%-ийн хүүг болиулах санал санаачилга гараад, ажлын хэсэг ажиллаж байна. Энэ дээр би Их Хурлын гишүүдээс анх нэлээн хүчтэй байр сууриа илэрхийлсэн. Төр ямар юм гийгүүллээ гэж хүмүүсээс 2%-ийн татвар аваад байгаа юм бэ?

Сүүлд Батхүү хуульч болон бусад мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авсны үндсэн дээр, ер нь бол та нэг байранд орлоо, тэгээд байраа сайжруулахдаа хуучин байраа зарахад л нэг удаа тэр 2%-аас нь чөлөөлье. Бусдаар бол та долоон байртай байлаа гэхэд бүгд дээр нь 2% авчихна. Энэ чинь амьжиргаа гэдэг асуудлаасаа даваад, бизнес болоод явчихсан зүйл.

Тийм учраас иргэн хүн анхны байраа борлуулах тохиолдолд л 2%-аас нь чөлөөлөх заалтын төлөө би Их Хурал дээр энэ асуудал орж ирвэл явна. Хэрвээ ийм заалт байхгүй бол би зарчмын зөрүүтэй санал гаргаж, анхны байраа борлуулсан тохиолдолд 2%-ийг чөлөөлнө гэдэг энэ заалт дээрээ байна. Энэ нь ченж нараас ялгахын тулд анхны байр гэдэг тодотголтой байх нь зөв.

Та жил болгон байраа шинэчлээд байж чадахгүй шүү дээ. Амьдралдаа нэг, хоёр, гуравхан удаа байраа шинэчлэх, сайжруулах шаардлага гарна. Энэ нь орлогоос шалтгаална. Эдийн засгийн өсөлт сайжраад, улс орон хөгжих тусам хувь хүний амьдрал бас сайжрах нь дамжиггүй. Энэ тохиолдолд нэг байраа зарахад л 2%-аас чөлөөлөх байр сууринаас энэ асуудалд хандана.

АН-ын зүгээс ААН-үүдийг нэг удаагийн татвараас чөлөөлөх санаачилга гаргасан. Энэ дээр гишүүд болон иргэдийн зүгээс санал зөрүүтэй зүйлүүд байх шиг байна. Иргэд татвар төлөхөө больчихвол яах юм бэ? Дараа нь өршөөгдчих юм уу?

Их Хурлын гишүүний хувьд, тодорхой бодлого тодорхойлогч хүний хувьд Засгийн газрын байр суурь гараагүй тохиолдолд энэ асуудлаар яриа өгөх нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл, хууль батлахад оролцдог хүний хувьд энэ асуудлыг дэмжээд ярих юм бол татварын орлого буурах магадлал өндөр. Тийм учраас өнөөдрийн хууль тогтоомжийн дагуу бол ард иргэд, ААН-үүд татвараа төлөх ёстой.

Мэдээж эдийн засаг хүндэрч, ялангуяа НӨАТ-ын 10%-ийн татвараас болоод ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож байгаа юу гэвэл доголдож байгаа. Тийм учраас Засгийн газраас оруулж ирсэн 10-р сарын 1-нээс НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох энэ асуудлыг наашлуулах ёстой. Би хувьдаа бол НӨАТ-ын татварыг 5% болгож, буцаан олголт нь 2%, нийтдээ 3% төлдөг энэ хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч харамсалтай нь өнөөдрийн Их Хурал, Засгийн газар үүнийг дэмжихгүй байна.

2024 оны мөрийн хөтөлбөрт АН-ын мөрийн хөтөлбөрт 5% болгохоор заалт орсон. Үүнийгээ одоо 2028 оны мөрийн хөтөлбөрт оруулах, батлуулах энэ ажлыг хийнэ. Баярлалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.