🔴 С.Ганбаатар: Оюутолгойн олон зуун тэрбум долларын баялгаа өгчихөөд өртэй үлдэж байгаа нь харамсалтай
Оюутолгойн төслийн талаар үнэн мөнийг мэдэж, алдааг засах цаг болсныг онцолж байна. Анх 400 тэрбум доллар гэж яригдаж байсан төслийн өртөг одоо 600 тэрбум долларт хүрсэн байх магадлалтай. Энэ их хэмжээний баялгаа өгчихөөд оронд нь өртэй үлдэх нь гунигтай, харамсалтай. Хойч үеийнхээ төлөө бид зөв зүйл хийж, гэмт хэрэгт холбогдож болохгүй.
Энэ асуудлаар Монголын парламент сонсгол хийж байгаа нь Монголын улс төр эрүүлжих гэж оролдож буйн илрэл гэж ойлгож байна. Сонсголд гэрчүүд, тухайн үед шийдвэр гаргаж байсан, энэ асуудлыг ярьж байсан бүх хүмүүс ирж, үнэн мөнөө ярих ёстой. Би тухайн үед 34 хувийн оролцоо нь бидэнд аюултай занга гэдгийг бичгээр өгч, харин роялтигаа нэмэгдүүлэхийг санал болгож, тооцоо хийж өгч байсан. Тэр захидлаа би сонсгол дээр очиж үзүүлнэ.
Өнөөдөр ийм аюултай уул уурхайн луйварт Монголчууд дахин өртөж алдахгүйн тулд бид сонсголдоо заавал оролцох ёстой. Би Оюутолгойн асуудлыг олон жил ярьсан. Хэзээ ч хэн нэгнийг буруутгаж, яллахыг хичээгээгүй. Эндээс зөвхөн Монголчууд хожих ёстой. Монголын ард түмэн нэг талд гарч, энэ асуудлыг үр хойчдоо сайн болгож, роялтигаа нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг баримтална.
Сайн муу хэлүүлэх нь хамаагүй, энэ асуудлыг Монголчууд сургамж болгож, хойч үедээ үлдээхээс гадна засах ёстой. Оюутолгойн төслөөс 53 хувийн ашиг авах байсан ч одоо 25 хувь руу яваад байгаа нь харамсалтай. Сонсголын үр дүнгийн талаар нарийвчилсан тоо баримт, санаануудыг сонсгол дээр очиж ярина.
Сонсголын үр дүн юу вэ гэвэл, Монголын ард түмэн баялгийнхаа талаар парламенттайгаа нийлж, юун дээр алдав, юун дээр оново, цаашид яах ёстой вэ гэдгээ ярих ёстой. Үндэслэлгүйгээр бие биеэ доромжлох нь сайн зүйл биш. Бид баримт, үндэслэлээ ярих ёстой.
Оюутолгойн асуудлаар байнгын хороод хуралдаж чадахгүй, чуулганы ирц дутуу байгаа нь гунигтай. Монголын ард түмэн энэ уул уурхайн томоохон мөнгөний үр ашгийг хүртээсэй гэж би 20 гаруй жил ярьж байна. Маш олон ажилгүйдэл, ядуурал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэд бүтэцгүй байдалтай Монгол орон өрнөөс өрийн хооронд явж, өндөр хүү төлж байна.
Энэний оронд баялгаа ард түмэндээ ашигтай болгооч ээ гэдэг асуудал юм. Энэ дээр суучихсан хэдхэн гадна дотнынхонтой нийлсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд өнөөдөр Монголын парламент, Засгийн газар, улс төрд нөлөөлдөг нь үнэн. Гэхдээ ийм арчаагүй байдлыг бид зүгээр хараад сууж болохгүй. Ядаж сонсгол хийж, ядаж ярилцах ёстой. Монголчууд бүгдээрээ биеэ үнэлэгчид биш шүү дээ. Бид чин үнэнийг ярьж, гарц гаргалгаа гаргадаг байх ёстой гэсэн байр суурьтай байна. Баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.