“Худалдаа, хөгжлийн банк”-ны барилга Занабазарын нэрэмжит музейд эрсдэл учруулж буй ч шүүх үл ойшоов
Чингэлтэй дүүргийн нутаг, Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн дэргэд “Худалдаа, хөгжлийн банк”-ныхан хуучин байраа нурааж, шинээр 28 давхар барилга 2018 оноос барьж эхэлсэн. Энэ нь түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүд хадгалдаг музейн, 100 гаруй жилийн “настай” барилгад сөрөг нөлөө учруулж байгаа аж. Тиймээс тус музейнхэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж, “Худалдаа, хөгжлийн банк”-нд олгосон барилгын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар ханджээ.
Тэд нэхэмжлэлдээ “Худалдаа, хөгжлийн банк”-ны барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл дуусгавар болсон боловч барилгын ажлыг сүүлийн хэдэн сар зөвшөөрөлгүй явуулж байна. Уг барилга угсралтын ажлын чичирхийлэл музейд мэдрэгдэж, хоёр өргөгч цамхаг музейн барилга дээгүүр өдөр, шөнөгүй эргэлдэж байна. Тус банкны 3000 ам метр талбай эзлэн барьж буй барилга нь музейн тусгай хамгаалалтын бүсээс таван метрийн зайд оршин 100 жилийн насжилттай чулуун бетон суурь, тоосгон ханатай, модон хучилттай, шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй 1600 ам метр талбай эзлэн орших хоёр давхар барилгад нөлөөлөхгүй байх үндэслэл байхгүй. Музейн барилга, түүнд хадгалагдаж байгаа монголчуудын оюуны үнэт өв болсон 2000 орчим үзмэр, эд өлгийн зүйлд эрсдэл учруулж байна. Барилга барихаар төлөвлөж, ажлаа эхлүүлэхдээ түүх, соёлын дурсгалт барилгыг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ямар ч арга хэмжээ аваагүй нь үндэсний хууль тогтоомж төдийгүй орон улсын харти, зарчмыг ноцтой зөрчсөн” гээд барилгын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийнхэн “Худалдаа, хөгжлийн банк”-нд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон барилгын ажлын зөвшөөрлүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон юм. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах болон Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь түүхэн дурсгалт барилга, түүнд буй хосгүй үнэт үзмэрүүдэд эрсдэл учруулж буйг үл ойшоосон явдал боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.