Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэний 2.1 тэрбум төгрөгийг улсын орлого болгов
Гар утасны "Poker 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгасан. Улмаар хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлэжээ.
Дээрх гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хүннү-2222", "Japan town" хотхонуудад тус бүр байр түрээслэн үйлдэж байсныг газар дээр нь илрүүлсэн байна. Шүүхээс энэхүү гэмт хэргийн гол зохион байгуулагч гэх иргэн Г-д гурван жил дөрвөн сарын хорих ял оноож, 2.1 тэрбум төгрөгийг, бусад хэргийн холбогдогчид 1.6-2.6 жил хорих ял оноож, 7-60 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан байна.
Эрүүгийн хуульд зааснаар хууль бус орлогоор худалдан авсан Прадо-150 маркийн автомашин, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан компьютерүүд, 10 ширхэг гар утас зэргийг улсын орлого болгожээ.
Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр үнэлгээ бүхий орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөн тогтоогдож ийнхүү хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.