С.Доналдсон ялалтаа тэнгэрт дэвшсэн аавдаа зориуллаа
Мэргэжлийн снукер биллиардын "UK Championship 2025" тэмцээн тун сонирхолтой өрнөсөөр байна.

Гурван хоногийн дараагийн байдлаар шөвгийн 16-д өрсөлдөх 12 тамирчин тодроод байна. Өчигдөр (12.1) дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэж буй Марк Аллен болон Шотландын залуу тамирчин Скотт Доналдсон хоёрын тоглолтуудаас бусад нь Хятад тамирчдын үдэш болсон гэхэд хилсдэхгүй. Марк Аллен болон Скотт Доналдсон нар өмнө нь 10 удаа учраа таарахад есөн удаад нь Марк Аллен илүүрхэн хожиж байсан бол энэ удаад Скотт Доналдсон 6:1 харьцаагаар "бут ниргэлээ". Тоглолт үндсэндээ драм болсон гэхэд хилсдэхгүй. Скотт Доналдсоны аав нь өнгөрсөн сард нас барсан бөгөөд тэрээр танхимд орж ирэхдээ аавынхаа дуртай байсан "Бабилон" дууг сонсон нулимс дуслуулан орж ирсэн юм. Нөгөө талаас "UK Championship" тэмцээний гурван удаагийн аварга БНХАУ-ын Дин Жунхуй өөрийн нутаг нэгт Су Шиг 6:4 харьцаагаар буулган авч шөвгийн 16-д Скоттой тулахаар боллоо.
Мөн түүнчлэн шинэхэн дэлхийн аварга БНХАУ-ын Зао Шинтон өөрийн нутаг нэгт Лон Зехуангийг 6:1 харьцаагаар хожин шөвгийн 16-д шалгарлаа.
Энэ удаагийн "UK Championship 2025" тэмцээнд өрсөлдөж буй 32 тамирчны 12 нь БНХАУ-ын тамирчин байгаа нь Ази тивийн төлөөлөл харьцангуй олноор орсон үзүүлэлт юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.