Санхүүгийн боловсролтой хүн амьдралд хэзээ ч алзахгүй
Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн захирал А.Алтантүлхүүртэй ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А.Алтантүлхүүр гэдэг. Би Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн захирал албан тушаалтайгаар ажиллаж байна.
–Хадгаламжийн даатгалын корпораци яг ямар зорилго чиглэлтэй байгууллага вэ?
-Хадгаламжийн даатгалын корпораци нь 2013 онд “Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуулийн хүрээнд байгуулагдсан, хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч ашгийн төлөө бус байгууллага юм.
Хадгаламжийн даатгалын тогтолцоо гэдэг нь банк албадан татан буугдсан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас иргэн, аж ахуйн нэгжийн харилцах болон хадгаламжийн нийт 20 сая төгрөг хүртэлх мөнгийг нөхөн олгох үйл ажиллагаа юм.
Өөрөөр хэлбэл, хадгаламжийн даатгал нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, мөн иргэдийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Манай байгууллага хадгаламжийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлээд 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
–Санхүүгийн боловсролын ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?
-Санхүүгийн боловсрол бол хүн бүрийн эзэмших ёстой суурь мэдлэг гэж би үздэг. Бид эрүүл мэнд, боловсролдоо анхаардаг шигээ санхүүгийн мэдлэг, хандлагаа байнга сайжруулж байх нь чухал.
Манай байгууллага нь Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний хувьд иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд жил бүр “Дэлхийн мөнгөний долоо хоног”, “Дэлхийн хуримтлалын өдөр” хөтөлбөрүүдийг хамтрагч байгууллагуудтайгаа хамтран орон даяар зохион байгуулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд шинээр ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Level Up” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд чуулга уулзалт болон нөлөөллийн арга хэмжээг өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Харин энэ онд бид 10 дугаар сарын 1-нээс 31-ний хооронд “Хуримтлалаар ирээдүйгээ бүтээе” уриан дор “Дэлхийн хуримтлалын өдөр–2025” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
–Тус аяны хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?
-Аяны хүрээнд бид хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор нийслэл болон орон нутгийн боловсролын байгууллагуудад “Мөнгөө хэрхэн удирдах вэ” сэдэвт сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна санхүүгийн боловсролын гарын авлагыг зорилтод бүлгийн онцлогт нийцүүлэн бэлтгэн гаргаж түгээлээ.
Нийтдээ 1,000 гаруй сурагч, оюутан хамрагдсан бөгөөд сургалтын үеэр:
1. Мөнгөө өсгөх ухаалаг арга замууд,
2. Хадгаламж, хуримтлалын ач холбогдол, даатгагдсан хадгаламжийн талаар мэдлэг, ойлголт өгсөн.
Эдгээр сургалт, үйл ажиллагаа нь ирээдүйн эдийн засаг, санхүүгийн ухамсарт иргэдийг төлөвшүүлэх ач холбогдолтой.
-Хүүхдүүд хэр хүлээж авч байна? Тэдний сэтгэгдэл ямар байсан бэ?
-Бид ерөнхийдөө зорилгодоо хүрсэн гэж үзэж байгаа. Дээрх сургалтуудын гол зорилт нь сургалтад хамрагдсан хүүхэд, залуус бид санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд нэн тэргүүнд санхүүгийн боловсролтой байхаас гадна, мөнгөө хуримтлуулах хэрэгтэй юм байна гэдэг мессежийг түгээхийг хүссэн. Хүүхдүүд ч сайн ойлголттой болсон гэж үзэж байгаа.

-Энэ тэмээ их сонирхол татлаа. Ямар учиртай вэ?
-Дэлхийн улс, үндэстэн бүр өөрийн ёс заншил, ахуй соёлдоо нийцсэн хуримтлалын бэлгэ тэмдэгтэй байдаг. Тухайлбал, азийн ихэнхи орнууд гахайнд мөнгөө хуримтлуулдаг бол Япон улсад муур байх жишээтэй. Харин Монгол улсын хувьд 2017 оноос тэмээг хуримтлалын бэлгэ тэмдгээр сонгосон. Учир нь эртний торгоны замаас өнөөг хүртэл жин тээж, эд баялаг тээвэрлэгч гэдэг утгаар мөн бие махбодийн хувьд бөхөндөө ус нөөцөлж чаддаг, ус тэжээл ховордсон эрсдэлтэй үеийг даван туулах чадвартай гэдэг утгаар нь сонгосон.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.