Ерөнхийлөгчийн Итали улсад хийж буй айлчлалын хамгийн том зорилго юу вэ?

Ерөнхийлөгчийн Итали улсад хийж буй айлчлалын хамгийн том зорилго юу вэ?

Монгол улсын төрийн тэргүүн энэ өдрүүдэд Бүгд найрамдах Итали улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон  албан ёсны хэлэлцээ хийнэ. 

14 жилийн дараа болж буй энэ удаагийн айлчлалаар Монгол-Итали хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааны түвшинг ахиулах нь хамгийн том зорилт юм. Энэ хүрээнд соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Монгол Улс НҮБ ын гишүүн орнууд болох Европын холбооны 27 улстай дипломат харилцаатай цөөн орны нэг. Тодруулбал, ХБНГУ-тай стратегийн түншлэлтэй бол БНФУ-тай тусгай эрхт түншлэлийн хэлэлцээртэй, бусдад орнуудтай иж бүрэн түншлэлийн харилцаатай.

Бүгд найрамдах Итали улстай өнгөрсөн жилүүдэд иж бүрэн түншлэлийн харилцаатай буюу гуравдагч орны статусаар харилцаж байсан бол энэ удаагийн төрийн тэргүүний айлчлалаар Европын холбооны орнуудаас ХБНГУ-ын дараа "Стратегийн түнш"-ийн харилцаатай хоёр дахь улс болох алхмыг хийх гэж байна. 

Стратегийн түнш болохын давуу тал юу вэ?

Олон улсын таатай хамтын ажиллагаа, гадаад орчныг бүрдүүлж өгснөөр хоёр улсын иргэд түүний үр шимийг хүртэх хамгийн энгийн ойлголт юм. "Таатай гадаад орчин" гэж юу вэ гэвэл Монголчууд даян дэлхийд нүүр бардам явах, аялах, аж төрөх, суралцах эрхийг нь баталгаажуулна гэж судлаач, доктор Д.Баярхүү тун товчоор дүгнэсэн байдаг.

Стратегийн түншлэлийн хүрээнд манай хоёр улсын харилцааны бүхий л салбарт харилцан ашигтай, таатай нөхцөлүүд үйлчилнэ. Гадаад хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулах хүрээнд юуны өмнө монголчуудын тогтвортой бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг Италичууд дэмжинэ.

 4a0ea225791941aaa1433e81b1b58514

Үүнийг ганцхан салбараас иш татъя. Дэлхийд ноолуураараа гайхуулдаг монголчуудын ноолуурын 80 хувийг Италичууд авдаг. Тус улсын техник тоног төхөөрөмж ноолуурын боловсруулалтад хамгийн оновчтой гэнэ. Монголын Бльюскай компани Итали технологоор хонины ноосыг самнаж зөөлрүүлээд яг ноолуур шиг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас харвал жинхэнэ ноолуурыг ямар боловсруулалтад хүргэж буй нь тодорхой харагдана. 

Монголын ноолуурын салбарыг дэмжиж тус улсаас өнгөрсөн хугацаанд 20 сая еврогийн хөнгөлттэй зээл олгож байсан бол энэ удаад нэмж 20 сая еврогийн зээл олгохоор болж байгаа аж

Мөн айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн үр шимээр өнгөрсөн хугацаанд зогсонги байсан манай хоёр улсын хамтарсан Ээрмэлийн үйлдвэр барих асуудал эрчимтэй урагшилна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн салбарын төлөөлөл 80 орчим хүн явж байгаа гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн. Дээрх төлөөлөгчид гурав хуваагдаж Италийн бизнесийн салбарынхантай уулзаж, хамтын ажиллагааны гарц гаргалгаануудаа ярилцах юм.

Эхний хэсэг нь Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд ноос ноолуур, арьс ширний салбарынхантай уулзаж хамтын ажиллагааны гарц гаргалгаануудаа ярилцана. Нөгөө хэсэг нь "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний хүрээнд бизнесээ өргөжүүлж хүнсний салбарын бизнес эрхлэгчидтэй "нөхөрлөнө". Харин үлдэж буй хэсэг нь техник тоног төхөөрөмж болон бусад салбарын бизнесменүүдтэй уулзах юм. 

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн 2025 оноос хэрэгжиж эхэлсөн бөгөөд ноос, ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр дотоодын 158 аж ахуйн нэгжид 488.0 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгожээ. 

8c411a9d7a894c4b93ef770638319a5f

Италичуудын хамгийн их сонирхдог ноолуурын үйлдвэрлэлийн салбарт 2025 онд 28.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлттэй нөхцөлтэй зээл олгосноор үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Харин 315.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосноор үндэсний үйлдвэрүүдийн түүхий ноолуурын худалдан авалт нийт ноолуурын 50 хувьд хүрч, самнасан ноолуурын техникийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр  дотоодын үйлдвэрүүд жилийн 4 улиралд тасралтгүй ажиллан самнасан ноолуурын экспорт 5 дахин нэмэгдэж 244.0 сая ам.долларт хүрчээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.