🔴Хүний гавьяат эмч Д.Жаргалсайхан: Мэргэжлийг минь сонгосон аавын минь сонголт алдаагүй. Амлалтдаа хүрэх гэж зүтгэж явна аа охин нь

AI хөрвүүлсэн

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Өрхийн анагаах ухаан судлалын 9 дэхь ЗӨВЛӨХ ЭМЧ Дамдинсүрэн овогтой Жаргалсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа

Д.Жаргалсайхан нь эрүүл мэндийн салбарын анхан шат, тосгоны болон өрхийн эрүүл мэндийн төвд 32 дахь жилдээ тогтвортой, үр бүтээлтэй ажилласныг үнэлэн, өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулсан учир Монгол Улсад эрүүл мэндийн тогтолцооны суурь болсон өрхийн эрүүл мэндийн төв үүсэн хөгжсөний түүхт 25 жилийн ойг тохиолдуулан “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” цол тэмдгээр  шагнуулахаар тодорхойлов. 

Өрхийн анагаах ухааны салбарт тасралтгүй 32 жил ажиллах хугацаандаа хариуцсан хорооны өрхийн хүн амын өвчлөлийг бууруулах, эх нялхас, эмэгтэйчүүд, өндөр настанг гэрээр эргэх хяналтыг график гарган хэрэгжүүлж, өрх бүрийг ЭМЯСайдын А/180 тушаалаар дагуу бүртгэн авч, ангилан хүн амыг эрүүл мэндийн бүлгээр хуваан эрүүлжүүлэх арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлсний үр дүнд хариуцсан хорооны иргэдээс 0-5 насны хүүхэд, эхийн эндэгдэл огт гараагүй, хүн амын өвчлөл, нас баралт жил бүр буурч, халдварт өвчний гаралт улс, хот, дүүргийн дунджаас эрс доогуур байна. 

Ажлын гараагаа 1994 оноос тосгоны эмнэлгээс эхэлсэн тэрээр улсад 32 жил ажиллахдаа 9 жилийг нь тосгоны эмнэлэгт  хүн амын эрүүл мэндийн төлөө зүтгэж, 23 жилийг нь шинэ тутам хөгжиж байгаа өрхийн эмнэлгийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж, сүүлийн 12 жилийг удирдан зохион байгуулах албан тушаалд ажилласан байна.

Монгол Улсын Хүний гавьяат эмч Д.Жаргалсайхан: 

-Намайг Дамдинсүрэн овогтой Жаргалсайхан гэдэг. Манай аав, ээж Ховд аймгийн Дарви сумын уугуул хүмүүс. Би Улаанбаатар хотод төрж өссөн. 1994 онд Анагаах Ухааны Их сургуулийг төгсөөд, анхан шатны тосгоны эмчээс эхлээд өрхийн эмч хүртэл 31 дэх жилдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Хөдөлмөрийг маань төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал гардуулсанд маш их баяртай байна. Энэ шагнал бол миний 31 жилийн хөдөлмөрийн үнэлэл. 

Намайг энэхүү шагналд тодорхойлсон Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн Холбоо болон Сонгинохайрхан дүүргийн “Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олондоо маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Мөн өрхийн эмчийн хөдөлмөрийг өдий хүртэл хийхэд ар талаас минь тусалж дэмжсэн хань, үр хүүхдүүд, аав, ээж нар мөн хамт олондоо үнэхээр их баярлалаа. 

Өрхийн эмч гэдэг маш чухал мэргэжил. Олон талын мэдлэгтэй, анагаах ухааны бүх шатлалын зүйлийг мэддэг хүнийг хэлдэг. Эмэгтэйчүүд жирэмсний хяналтад орохоос эхлээд, нярай хүүхэд төрөх, хамгийн сүүлд хөнгөвчлөх эмчилгээтэй хавдартай хүмүүсээ энэ ертөнцөөс үдэх хүртэлх бүх үйл явцад оролцдог. Энэ мэргэжлээрээ би үнэхээр их бахархдаг. Мэргэжлийг минь аав минь сонгож өгсөн. Аавын минь сонголт алдаагүй юм байна. Амлалтдаа хүрэхийн тулд өнөөдрийг хүртэл зүтгэж яваа шүү гэдгээ аавдаа хэлмээр байна хэмээв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.