🔴Ц.Ганцэцэг: Төрийн байгууллагын цомхотгол Ажилгүйдлийн даатгалын санд нөлөөлж байгаа

AI хөрвүүлсэн

Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй удаад байгаа асуудлаар НДЕГ-аас тодрууллаа.

-Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн арван сарын хугацаанд 28.2 мянган хүнд ажилгүйдлийн тэтгэмж олгож, 154 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ жилийн төсөвт Ажилгүйдлийн даатгалын санд 162 тэрбум төгрөгийн орлого орж, 161 тэрбум төгрөгийг тэтгэмжид олгохоор батлагдсан. Эхний арван сарын байдлаар 28 мянган хүний тэтгэмж олгогдсон байна.

Даатгуулагч ажилгүй болсон тохиолдолд ажлын 76 өдрийн тэтгэмж авдаг. Энэ нь гурван сар орчим хугацааны тэтгэмж юм. Нэг даатгуулагчид тэтгэмжийн эрх үүссэн тохиолдолд хуулийн зохицуулалтаар гурав хувааж, сар бүр өгдөг. Есдүгээр сарын тэтгэмжийн олголт үндсэндээ дууссан. Үлдсэн хүмүүсийн 437 сая төгрөгийн тэтгэмжийг өчигдөр орон нутагт хуваарилж, гурван аймаг, нэг дүүрэгт есдүгээр сарын тэтгэмжээ аваагүй байсан хүмүүсийн тэтгэмжийг бүрэн олгосон. Одоо аравдугаар сард ажилгүй болсон хүмүүсийн тэтгэмж авах хүсэлтийг хүлээж авах, мөн есдүгээр сараас хуваарийн дагуу үлдсэн хүмүүсийн тэтгэмжийг олгох асуудал байна.

Ажилгүйдлийн даатгалын сан нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ажил олгогч, ажилтан хоёрын төлж байгаа шимтгэлийн орлогоос бүрддэг. Энэ нь нийт цалингийн сангийн 0.7 хувьтай тэнцдэг, хамгийн бага хэмжээтэй сан юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар, ажил олгогч тухайн сардаа багтааж шимтгэлээ төлөх үүрэгтэй. Жишээлбэл, арваннэгдүгээр сарын шимтгэлийн орлого арваннэгдүгээр сарын 30-ны дотор төлөгдөнө. Одоо сарын дунд үе, 20-ны өдөр болж байна. Сарын явцад ажил олгогч нар шимтгэлээ төлөөд байдаггүй, харин шимтгэлийн өртэй аж ахуйн нэгжүүд төлөөд явдаг ийм практик бий. Тиймээс арваннэгдүгээр сарын сүүл буюу ирэх долоо хоногт орлого төвлөрнө. Орлого төвлөрч, сангийн орлого бүрдэхээр бид санхүүжилтээ бүх аймаг, дүүрэгт хуваарилж, хүсэлт гаргасан даатгуулагчдын тэтгэмжийг олгох боломж бүрдэнэ.

Энэ жил тэтгэмж авагчдын тоо маш их өссөн. Ес, аравдугаар сарын мэдээг харьцуулахад 4800 хүнээр нэмэгдсэн байна.

Ажилгүйдлийн тэтгэмж нь сүүлийн есөн сарын дундаж цалингаас бодогддог тул цалингийн хэмжээ өсвөл тэтгэмжийн хэмжээ өснө. Олгосон тэтгэмжийг харахад, нэг хүнд дунджаар 5.6 сая төгрөгийн тэтгэмж олгож байна. Энэ нь маш өндөр тоо. Тэтгэмжийн хэмжээ өсөж, тэтгэмж авагчдын тоо өсөж байгаа нь Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлагад нөлөөлж байна.

Ажилгүй болсон хүн гэдэг нь байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтөөс болж ажлаас чөлөөлөгдсөн, эсвэл өөрөө хүсээд ажлаасаа халагдсан тохиолдол байна. Ажил олгогчийн санаачилгаар, эсвэл өөрийн хүсэлтээр ч байсан ажилгүй болсон бүх хүнд ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр буюу ижил хоногоор өгдөг. Тиймээс бүтцийн өөрчлөлт, төрийн байгууллагын цомхотгол зэрэг нь Ажилгүйдлийн даатгалын санд нөлөөлж байгаа гэсэн үг.

Одоогийн байдлаар, аравдугаар сарын 1-нээс эхлэн шинээр тэтгэмжийн хүсэлт гаргасан 4700 орчим хүний ажилгүйдлийн тэтгэмжийг орлого оронгуут нь өгөхөөр бэлтгээд байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.