🔴Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэлд “Чингис хаан одон” хүртээнэ
Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал болох "Чингис хаан" тэргүүн зэргийн одонг академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Содовсүрэнгийн Нарангэрэлд гардуулах шийдвэр гаргасныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдлээ.
Энэхүү шагнал нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүх соёлын өвийг судлан сурталчлах зэрэг үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог уламжлалтай. Академич С.Нарангэрэлийн Монгол Улсын хууль зүйн боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, мөн Их эзэн Чингис хааны шударга ёс, энх тайвны их үйл хэргийг судлан сурвалжлахад зориулсан олон жилийн нөр их хөдөлмөрийг ийнхүү өндрөөр үнэлж байна. Түүнчлэн тэрээр ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэх, хууль зүйн мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэл нь удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч төдийгүй, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн.
Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульчийг бэлтгэн гаргасан бөгөөд Монгол Улсын орчин цагийн хууль зүйн шинжлэх ухаан, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байдаг.
Академич С.Нарангэрэл 1975 онд МУИС-ийг төгссөн цагаасаа хойш төрөлх сургуульдаа 50 дахь жилдээ багшилж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, УБХ-ын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал зэрэг албан тушаал хашсан, онол, практикийн арвин туршлагатай эрхэм юм.
Түүний гол хувь нэмрүүдийн нэг бол монголчуудын үүх түүх, өв соёл, ёс зүйн хэм хэмжээг судлан шинжилж, олон бүтээл туурвисан явдал юм. Тухайлбал, "Чингис хааны ёс суртахуун, эрх зүйн шастир", "Монгол ёс суртахуун, бадрал онол", "Эргэн сэргээлт, ёс суртахууны цагаан толгой", "Монгол хүний удирдлага болох учиртай ёс суртахууны хэм хэмжээ" зэрэг бүтээлүүдээр улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс болох ёс суртахууныг тодотгож, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмрийг бодит эх баримтаар нотолсон байна.
Ялангуяа, "Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд" бүтээл нь Чингис хааны хууль цаазын сэтгэлгээний онцлогийг шинжлэн, хуулийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тогтоож, хууль эрх зүйн ёс суртахууны эрхэм чанарыг хамгаалахад хүчирхэг хэрэгсэл болсон. Энэхүү бүтээл англи, орос, герман, солонгос хэл дээр орчуулагдан хэвлэгдэж, дэлхий дахинд Их эзэн Чингис хааны билиг сургаал, үйл хэргийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Энэхүү шагнал нь академич С.Нарангэрэлийн хууль зүйн салбарт 65 жилийн турш мэргэжилтэн бэлтгэх, олон эрдэмтэн судлаач бий болгох, монгол соёлын өвийг дэлхийд таниулах гавьяаг өндрөөр үнэлсэн үйл явдал болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.