Эх оронч сайд Халзхүүгийн Наранхүү

Эх оронч сайд Халзхүүгийн Наранхүү

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар олон жил ажиллаад, Үйлдвэр худалдааны сайдаар томилогдон ирсэн Халзхүүгийн Наранхүүгийн удирдлага дор хоёр жил ажиллах хувь надад тохиосон юм.

Баялгийн санг иргэдэд ашигтайгаар хөдөлгөх тухай, үндэсний компаниудыг "нийгэмчлэх" тухай, тэр дундаа Ухаа худагийг тойрсон асуудал хөндөгдөж байгаа энэ үед сайдынхаа нэрийг гарахаар овогнон ажиглаж байдгаа нуух юун. Иймдээ түүний 2008 оны гуравдугаар сард сэтгүүлч Р.Эмүжинтэй хийсэн ярилцлагыг уншаад, "Аргагүй л төрийн хар хүн, эх оронч хүн байжээ" гэж эрхгүй бодогдож сууна. 

Төрийн сайдын ажлаа өгснөөс хойш төрийн ажил дахин хийгээгүй учир ийн бөх зүрх гарган дүгнэж байгаа ухаантай. Үүнийгээ товчхон тайлбарлая. 

2008 онд "Энержи ресурс" компанийн мэдэлд ирсэн Тавантолгойн ордын тодорхой хувийг төрд авах хэлэлцээрийг эрхлэн явуулах үүргийг Ерөнхий сайд С.Баяр түүнд өгсөн байдаг. Өмнөх Засгийн газар буюу М.Энхболдын засгийн газрын үед тус компанид 14 хувийг нь өгнө, төр 86 хувийг авна гэж "амласан" байсан юм билээ. Иймээс, "Энержи ресурс" компани "Бид найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан учир тус ордын 14 хувийг авна" гэх нь зүйн хэрэг. Харин ажлын хэсгийн ахлагч, сайд Х.Наранхүү их хатуу загнасан нь цагаан дээр хараар байж байх юм. 

Тэрбээр, 

-Тавантолгойн орд бол бүс нутгийн байтугай дэлхийн хэмжээний том орд газар. Нэг компанийн эрх ашиг, хүчин чадлаас давсан хэрэг. Тавантолгойн зургаан лиценз бий. Гурав буюу гол нөөцтэй газрынх нь Тавантолгой гэдэг нэрээр байдаг. Нөөц багатай, захдуу хэсгийнх нь Ухаа худаг гэхчлэн өөр өөр нэртэй. "Энержи ресурс"-ээс үндсэн орд газрын захаар орших тэр гурван лицензийг өөртөө авч үлдэх санал тавьсан. Тэр гурван газрын аль нэгийг нь гэвэл болж байна гэж би хувьдаа бодож байгаа. Тавантолгойн нийт орд газрын 10 хүрэхгүй хувь гэсэн үг хэмээн ярьсан байх юм. 

Хэлэлцээр олон сараар сунжирсан, аль аль тал нь байр суурин дээрээ хатуу байсан боловч эцсийн дүндээ Х.Наранхүү сайдын зүтгэснээр болжээ. "Энержи ресурс" компани 100 хувь эзэмшиж байсан орд газрынхаа зургаахан хувь буюу Ухаа худаг хэмээх орд газраа авч үлдсэнийг бид өдгөө сайн мэдэж байгаа. 

Нөгөө талаар, "Энержи ресурс" компани ч бас эх оронч гэдгээ харуулжээ. 100 хувь мэдэлдээ авсан орд газрынхаа нэг ч хувийг төрд өгөхгүй гэж зүтгэх эрх нь тэдэнд байжээ. Энэ тухайд Х.Наранхүү сайд "Энержи ресурсийнхэн Тавантолгойн лицензээ өгөхгүй гээд суучих хууль эрх зүйн үндэс нь байгаа" хэмээн ам алдсан байх юм. 

20 орчим жилийн дараа ингээд харахад, "Энержи ресурс" тэрхэн жижиг хувиа үнэхээр сайн торджээ. 2011-2012 он гэхэд нүүрс боловсруулах үйлдвэр бариад, одоо сайн, муу нүүрсээ холиод үнэ хүргэн зарж чадаж байна. Харин 94 хувийг эзэмшиж буй төр одоо болтол үйлдвэрээ бариагүй, түүхийгээр нь хямдаар зөөсөөр байх юм. Энэ гэхдээ тусдаа сэдэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 цаг өмнө
3 үсэгтэй компани руу довтлоод байдаг хүмүүс үүнийг уншаад төр муу ажиллаж байгааг. Ойлгоосой.