Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавьжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотод уулзжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулахын чухлыг онцолж, энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулахад бэлэн байгааг тодотгосон байна. Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх санал дэвшүүлжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой, урт хугацаанд урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа дурдаад, Хятадын асар том зах зээл Монгол Улсад үргэлж нээлттэй гэж хэлсэн байна.
Уулзалтаар Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг урагшлуулахын чухлыг талууд онцолсон юм.
Зургийн цомог
×
1 / 3
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.