🔴“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүүхдийн үндэсний чуулган болж байна

“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүүхдийн үндэсний чуулганд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, есөн дүүргийг төлөөлж 13-17 насны 800 хүүхэд оролцож байгаагаас 88 хувь нь орон нутгаас, 12 хувь нь нийслэлээс оролцож байна.

Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг угтан зохион байгуулж буй “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүүхдийн үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд болж байгаа юм. Үүнээс өмнө хүүхдүүд Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт хоёр хоног байрлан, бүлгийн хэлэлцүүлэг, олон талт арга хэмжээнд оролцож, тус чуулганд илтгэгчээр оролцох хүүхдийг ур чадвараар нь нээлттэй сонгон шалгаруулан, "Гэр бүл, боловсрол, сэтгэлзүйн эрүүл мэнд, оролцоо, цахим хэрэглээ" сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн аж.
 
Шинэ зуун жилд монгол хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл, үнэт зүйл, зорилгын талаарх санал, шийдлийг шийдвэр гаргах түвшинд хүргэж, цаашид батлагдах төрийн хууль, тогтоомжид тусгуулах нь тус чуулганы зорилго юм.
 
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан:
 
-Өнөөдрийн хуралдаанд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд сууж байна. Энэ хурлаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Г.Занданшатарт гардуулж, эдгээр хүүхдүүдийн хэлэлцсэн асуудлыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дараагийн хуралдааны гол агуулга, хэлэлцэх асуудал болгож хуралдана. Цаашид бид хүүхдийн оролцоог төрийн бодлого, нийгмийн хөгжилд оруулах ажлыг улам илүү хийнэ.
 
Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүл дээр байгаа. Тэгэхээр хүүхдүүд гэр бүлээсээ юу хүсэж байгааг өөрсдөө бид нараас илүү гаргалгаатай, хурцаар, ухаалгаар тавьж байна. Мөн боловсролын салбарын болж бүтэхгүй байгаа асуудлууд, багш нар болон үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтын талаар сэтгэл эмзэглүүлмээр асуудлуудыг хүүхдүүд ярьж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.