ТОДРУУЛГА: НЗДТГ болон УБТЗ-ын захиалгаар төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг цогцоор нь шинэчилж, газар доорх 778 зогсоол барина

AI хөрвүүлсэн
ТОДРУУЛГА: НЗДТГ болон УБТЗ-ын захиалгаар төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг цогцоор нь шинэчилж, газар доорх 778 зогсоол барина
Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг илүү тохилог, орчин үеийн цогц шийдэлтэйгээр дахин төлөвлөн шинэчлэх ажил эхэлжээ. Энэхүү төслийн хүрээнд дээрээ ногоон байгууламж, тохижилт бүхий, газар доорх 778 автомашины зогсоолыг хувийн хэвшил нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр барьж, 2027 онд ашиглалтад хүлээлгэн өгөх аж.
 
БГД-ийн 1-р хороонд байрлах Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг түр шилжүүлсэнд зарим оршин суугчид шүүмжлэлтэй хандаж байгаа. Уг газар нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшилд бөгөөд “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн дагуу Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар “Грэйт констракшн” компани дээрээ тохижилт бүхий газар доорх 778 зогсоолын барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ.
 
Тус бүсэд дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж буй учир авто замын түгжрэл, зогсоол, ногоон байгууламжийн хүртээмжийн асуудал хүндрэлтэй байдаг. Төсөл хэрэгжсэнээр “Барс” худалдааны төв орчмын түгжрэл буурч, зогсоолын хүртээмж үлэмж хэмжээгээр нэмэгдэхээр байна.
 
Мөн, төмөр замын ногоон байгууламжийг Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн байгууллагатай хамтран түр шилжүүлэн суулгасан бөгөөд цаашид иргэд амарч, зугаалах таатай орчныг бүрдүүлсэн шинэ цогц шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэнг бий болгоно гэдгийг албаныхан хэлж байна. 
e66345dcc7034885a9c7a463f936bdd0
 

“Грэйт констракшн” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч П.Ванчинхүү: 

-УБТЗ ХНН-ийн эзэмшлийн 60 жилийн түүхтэй ногоон байгууламжийг устгаж, зориулалтын бус барилга барина гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Энэ нь ташаа мэдээлэл.

Нийслэлийн ЗДТГ болон УБТЗ ХНН-ийн захиалгаар Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн дахин төлөвлөлтийг манай компани гүйцэтгэж байгаа. Төслийн хүрээнд дээрээ ногоон байгууламжтай, газар доорх 778 автомашины зогсоол барьж, 2027 онд ашиглалтад хүлээлгэн өгнө.

Ногоон байгууламжуудыг бид Баянгол дүүргийн хяналтад, Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн байгууллагатай хамтран түр шилжүүлэн суулгасан. Төсөл дуусах үед бүх ногоон байгууламжийг буцаан сэргээж, нэмэлт цэцэрлэгжүүлэлт хийнэ.

БГД-ийн 1-р хороо бол 10 мянга гаруй хүн амтай, Улаанбаатарын хамгийн том хороодын нэг. Хороо дахин төлөвлөлтийн бүсэд орсон учир 60 жилийн өмнө баригдсан 2–3 давхар төмөр замын шар барилгууд нураагдаж, өндөр барилгууд баригдаж байна. Ингэснээр авто замын түгжрэл, зогсоолын хүртээмж, ногоон байгууламжийн асуудал улам хүндрээд байгаа.

Манай хийсэн судалгаагаар тус хороонд нийтдээ 1550 орчим байрны гадаах зогсоол, “Барс” захын 160 орчим, төмөр замын байгууллагын 270 орчим гадна зогсоол бий. Гэвч энэ бүхэн 10 мянган оршин суугчид огт хүрэлцэхгүй хэмжээнд хүрсэн. Машинууд явган хүний зам дээр зогсож, хүүхэд, ахмад настнуудын хөдөлгөөнд хүртэл эрсдэл үүсч байна.

Тиймээс нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд “Барс” худалдааны төв орчмын түгжрэлийг бууруулах, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор уг төсөл хэрэгжиж байна.

Нарны гүүрний уулзвар, “Барс” захын ар талын авто зам өдөржин 2–10 км/цагийн хурдтай түгжирдэг. Гол шалтгаан нь захын ачаалал болон түгээлтийн машины дараалал. Төсөл хэрэгжсэнээр газар доорх 778 зогсоол ашиглалтад орж, иргэд машинаа шууд газар доорх зогсоолд байрлуулан, туннелээр зах руугаа орох боломжтой болно. Түгээлтийн машинууд зориулалтын зогсоол ашигласнаар түгжрэл бодитоор буурна. Мөн төмөр замаар зорчих иргэд машинаа урт хугацаагаар тавих боломж бүрдэнэ.

Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл гэдгийг онцолж хэлмээр байна.

Том оврын тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний дүрмийн дагуу шөнийн 22 цагаас хойш хөдөлгөөнд оролцох боломжтой тул барилгын ихэнх ажил шөнөдөө хийгдэж байна.

Төсөл хэрэгжиж буй газар үндсэн барилга барихгүй. Харин Нийслэлийн авто тээврийн газрын шаардлагын дагуу автобусны эцсийн буудлыг төлөвлөсөн. Үүнд ариун цэврийн өрөө, жолооч нарын амрах байр, диспетчерийн байр зэрэг жижиг үйлчилгээний байгууламж баригдана.

Төсөл бүрэн дуусахад тоглоомын талбай, гүйлтийн зам, ахмадуудад зориулсан амрах сандал, ногоон байгууламж бүхий цогц орчин бүрдэнэ. Иймээс иргэд тэвчээртэй байж, хотын түгжрэлийг бууруулах, орчныг сайжруулах энэхүү төсөлд дэмжлэгтэй хандахыг хүсье.

973d2ab9cab84c789273d880d71315ed

f575627871514790aba5ac96cd2c3a62

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.