Х.Нямбаатар: Н.Энхбаяр гуай тэр асуудлыг "зогсоо" гэхээр шүүхийн шийдвэр хүчингүй болчихдог юм бол энэ улсад хууль шүүх гэж байгаад яах юм бэ?
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж тус шаардлагыг биелүүлээгүй байгаа юм. Тиймээс НЗДТГ-аас шаардлага хүргүүлсэн.
Нийслэлийн Засаг даргаас 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 01/701 дугаар албан бичгээр нийслэлийн ШШГЕГ-т гүйцэтгэх хуудас болон нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг хүргүүлсний дагуу нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийг татан буулгах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Гэтэл тус зочид буудлыг өмчлөгч Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр цахим орчинд мэдээлэл оруулж "Би хотын дарга руу "Өргөө--ийн асуудлыг зогсоо гэж мессеж бичсэн. "Ойлголоо" гэх хариу ирсэн" гэж бичжээ. Үүний хариуд НЗД Х.Нямбаатар мөн тайлбар мэдээлэл оруулжээ.
Тэрбээр, хууль журам үйлчилдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй нэг хүн, нэг гэр бүл манай улсад байна. Гурван шатны шүүхийн шийдвэртэй асуудлыг 2 хүн утсаар яриад, нэг нь "чи наадхаа зогсоо" гээд нөгөөх нь "ойлголоо" гээд шүүхийн шийдвэр хүчингүй болчихно гэж байхгүй. Аав хүү хоёр гарч ирээд хуулийг уландаа гишгэдэг байж болохгүй. Н.Энхбаяр гуай тэр асуудлыг "зогсоо" гэхээр шүүхийн шийдвэр хүчингүй болчихдог юм бол энэ улсад хууль шүүх гэж байгаад яах юм. Харбины гэрээний дэргэд "Өргөө" зочид буудал бол юу ч биш гэж хэлсэн байсан. Том жижиг хулгай гэж байхгүй. Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.