"Ажлаа мэдэхгүй, улс төрийн томилгоотой дарга нараас болж чадварлаг залуусын тархи нь гоожоод дуусаж байна"
"Сахал" Д.Эрдэнэбилэг Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэрийг 2015 онд хувьчилж авснаас хойш нийт 260 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг АТГ шалгалтаар тогтоосон байдаг. Энэ хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид хуучин нойтон аргаар цемент үйлдвэрлэдэг байсан технологийг байгаль орчинд ээлтэй, ус, эрчим хүч бага хэрэглэдэг хуурай аргын технологи болгож, шинэ үйлдвэр барьж өргөжүүлсэн. Улмаар нийт хүчин чадал жилийн 200 мянгаас 1 сая тонн руу хүргэсэн байдаг.
2022 онд ТӨХК-нд шилжсэнээр 340 мянган тонн цемент үйлдвэрлэсэн бол 2023 онд 280 мянган тонн, 2024 онд 240 мянган тонн болж буурсан. Энэ жилийн 11 сарын байдлаар 200 мянган тоннд ч хүрэхгүй байна. Үйлдвэр 7-8 сар ажиллах ёстой байтал 2 сар хүрэхгүй хугацаанд ажиллажээ. Үйлдвэрлэл буурснаар өөрийн өртөг нэмэгдэж, алдагдалтай ажиллаж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын дарга А.Дэмчигжав: Төрийн муу менежмент Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэрт бодитоор харагдаж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын дарга А.Дэмчигжав:
-Төрийн буруу менежментийн талаар ганцхан жишээ дурдъя. 2023 онд хоёр үйлдвэрт зэрэг шав тавьсан. Манайд шохойн үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх шаардлагатай болсон юм. Хуучин 43 жилийн түүхтэй босоо шохойн үйлдвэр бий. Технологи нь хоцрогдсон учир техник технологийн шинэчлэл хийхгүй бол үйлдвэрээс гарч буй утааны асуудал яригдаж, хүний эрүүл мэнд, үйлдвэрийн өртөг, санхүү, бүтээмж, чанартай холбоотой асуудал үүсгэж байсан.
Ингээд 2023 онд хоёр үйлдвэрт зэрэг шав тавьсан. Нэг нь манай цементийн үйлдвэр, нөгөө нь Говь-Алтай аймагт Макс Группийн “Тайшир шохойн үйлдвэрлэл”-ийн шав, саяхан ашиглалтад орсон. Тэнд хувийн хэвшлийн менежментээр хоёр жилийн өмнө шав тавиад, хоёр жилийн дотор үйлдвэрээ бариад ашиглалтад оруулж, одоо ажиллаж байна. Гэтэл нөгөө үйлдвэр нь шав тавьсан яг хэвээрээ, хашаа барьчихсан. Санхүүжилтээ Эрдэнэтээс босгосон, ТЭЗҮ-ээ хийсэн, орд газар, дэд бүтэц, боловсон хүчин нь бүгд байгаа. Өөр юу дутаад байна? Төрийн менежмент л дутагдаж байна. Төр бүх юмыг хийнэ гэж дайрсан бодит жишээ нь энэ.
Төрийн ийм менежментээр явах юм бол 2026 онд санхүү, техник тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд маш хүнд байдалд орно. Үйлдвэр ажиллахгүй бол төсвөө бүрдүүлж чадахгүй, төсвийн байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн урсгал зардлаа хуваарилж чадахгүй.
Компанийг яаж хурдан сэргээх вэ? Мэргэжлийн менежментийн баг үйлдвэрийг ажиллуулж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, хариуцлагыг дээшлүүлэх ёстой. Тэгвэл үйлдвэр нэг, хоёр жилийн дотор босоод л ирнэ. Гэтэл дандаа улс төрийн зорилготой, улс төрийн томилгоо буюу үүрэг гүйцэтгэгч тавьчихаад нэг, хоёр жил болоод л сольдог.
2015 онд хувьчилж авсан "Күй Эс Си" компаниас нь салбарыг хамгийн сайн мэддэг менежер гээд А.Шоовдор гуайг гүйцэтгэх захирлаар томилж байсан. 2021 он хүртэл ажилласан. 2021 оноос хойш А.Чинбат гэдэг захирал байсан. Уул уурхайн салбарт менежментээр ажиллаж байсан туршлагатай улсууд ирсэн. 40 жилийн түүхэнд олон захирал ажилласан ч дандаа салбарын ахмад инженерүүд ажиллаж байсан.
Цементийн үйлдвэрт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гэж 10 жил зарцуулдаг. Хэн нэгэн дуртай нь ирээд ажилладаг салбар биш. Доороос нь эхлээд дээшээ өгсөх мерит зарчим алдагдаж байна. Хэний цүнх баригч Хөтөлийн “Цемент шохой”-н удирдлагаар очих вэ гэдэг л болсон. Энэ байдал ажилчдын уур амьсгалд нөлөөлж, ажлаа мэдэхгүй улс төрийн томилгоотой дарга нараас болж чадварлаг залуусын тархи нь гоожоод дуусаж байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.