“Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам

“Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав. 

Өнгөрсөн мягмар гарагт Ерөнхий сайд хатагтай Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон бол түүнийг Монгол Улсад ирэх үеэр өнөөдөр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг бататгажээ. 

“Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэг байгаагаа талууд дахин нотлов. Зээлийн хүүг бууруулах асуудлаар хоёр талын ажлын хэсэг зарчмын шийдэлд хүрч тохиролцсон. Харин менежментийн төлбөрийн хэмжээ хэт өндөр, одоогийн аргачлал нь шударга бус, Монголын талд үр ашиггүй байгааг Ерөнхий сайд дурдаад олон улсын стандарт, бодит зах зээлийн түвшинд нийцүүлэн бууруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлжээ. 

25111701

“Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах учиртай гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. 

Мөн “Оюутолгой” компанийн санхүүгийн болон худалдан авалтын ил тод байдлыг хангаж, шударга, нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг мөрдлөг болгох нь урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал гэдгийг Ерөнхий сайд хэлжээ.

Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хоёр талын ажлын хэсгийн хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн төлөө Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, шуурхай хамтран ажиллаж харилцан ашигтай шийдэлд хүрэхийн төлөө байгаагаа хатагтай Кейти Жаксон илэрхийлжээ.

25111702

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.