🔴А.Дэмчигжав: Мэргэжлийн удирдлага бус, хэн нэгэн даргын цүнх баригч Хөтөлийн "Цемент шохой"-н захирлаар томилогддог болсон
2022 онд төрийн мэдэлд буцаан авсан “Цемент шохой” ТӨХК-нд сүүлийн гурван жилд гурван удаа улс төрийн томилгоогоор мэргэжлийн бус гүйцэтгэх захирал томилогджээ. Энэ бүхэн компанийн үйл ажиллагаанд доголдол учруулж, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байтал ердөө 200 мянган тонн л гаргаж байна. 2025 онд үйлдвэрийн ажилласан хугацааг тооцвол нийт хоёр сар л ажиллажээ. Үйлдвэрийн ажилчид цалингаа дутуу авч байгаагаас орон нутгийн ААН-үүдийн ашиг орлого буурч, 2.5 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал үүссэн байна.
Уг асуудлаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын дарга А.Дэмчигжавтай ярилцлаа.
Тэрбээр “Цемент шохой” ХК мэргэжлийн туршлагатай багаар удирдуулах ёстой. Төрд авсан ч хувьчлагдсан ч улс төрийн томилгоо байх ёсгүй. Үйлдвэрийг төрд авснаас хойш удирдлагын баг гучин даргаар нэмэгдсэн. “Цемент шохой” үйлдвэрийн асуудал Сайхан сумд амьдарч буй 10 мянган хүнд хамаатай. "Хэн ирж удирдах нь хамаагүй" гээд зүгээр хараад сууж болохгүй гэлээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах “Цемент шохой” ТӨХК 2015 онд хувийн өмчид шилжсэнээс 2022 он хүртэл ажиллаж, улмаар төр буцаан авсан. Үүнээс хойш үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож эхэлжээ. 2022 онд ТӨХК-нд шилжсэнтэй холбоотойгоор эдийн засагч Л.Наранбаатар улс төрийн томилгоогоор ирсэн. Хуулиар бол захирлыг сонгон шалгаруулалтаар томилох ёстой. Удаах захирал УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир сар ажиллаад ажлаа өгч, Д.Баттүвшин гэх захирал мөн улс төрийн томилгоогоор ирсэн. Харин энэ оны 10 дугаар сарын сүүлээр ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамын бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Л. Ганбаатар дөрөв дэх гүйцэтгэх захирлаар томилогджээ.
Цементийн үйлдвэр нь улирлын чанартай бөгөөд 5-11 сард тасралтгүй ажиллаж, бусад саруудад техник засвар хийх ёстой. 2022 онд 340 мянган тонн цемент үйлдвэрлэсэн бол 2023 онд 280 мянган тонн, 2024 онд 240 мянган тонн болж буурсан. Энэ жилийн 11 сарын байдлаар 200 мянган тоннд ч хүрэхгүй байна. Үйлдвэр 7-8 сар ажиллах ёстой байтал 2 сар хүрэхгүй хугацаанд ажиллаж байна. Үйлдвэрлэл буурснаар өөрийн өртөг нэмэгдэж, алдагдалтай ажиллаж байна.
Тус үйлдвэр 800 гаруй ажилтантай, сардаа 2-2.5 тэрбум төгрөгийн цалингийн сан нь орон нутгийн эдийн засгийн эргэлтэд орох ёстой. Гэтэл үйлдвэр ажиллахгүй, ажилчид цалингаа дутуу авснаар орон нутгийн ААН, ЖДҮ-ийн мөнгөн урсгал агшиж байна.
Сайхан сум нь аймагтаа татвар төвлөрүүлдэг сум бөгөөд нийт төсөв бүрдэлтийн 60 гаруй хувийг цементийн үйлдвэрээс бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар 2 гаруй тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байгаа нь төсвийн байгууллага, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтэд нөлөөлж байна.
Цементийн үйлдвэр нь зүгээр нэг уурхай биш, хими технологийн хүнд үйлдвэр тул мэргэжлийн, туршлагатай менежментээр удирдуулах ёстой. Улс төрийн томилгоо байх ёсгүй. Хувийн хэвшлийн том үйлдвэрүүд хувийн менежментээр амжилттай ажиллаж байгааг анхаарах хэрэгтэй.
Сүүлийн гурван томилгоо салбарын бус хүмүүс. Менежментийг сайжруулахын тулд мэргэжлийн, чадвартай удирдлага, баг байх ёстой. Улс төрийн үзэл бодлоор томилгоо хийгдэж байгаа нь менежментийн алдаа болж, үйлдвэр энэ байдалд хүрэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
2020 онд удирдлагын багт 97 хүн байсан бол одоо 127 болж, 30 дарга нэмэгдсэн нь толгой томтой болсныг харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.