🔴 Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо

🔴 Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор  “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2025.11.15/  эхэлж намын даргаа сонгож батламжиллаа. Энэ удаагийн хуралдаанд улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын анхан шатны үүрээс сонгогдсон гишүүдээс бүрдсэн 2255 төлөөлөгч оролцохоос энэ өдрийн ирцэд 2247 төлөөлөгч бүртгүүлсэн байна.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын үдээс хойших хуралдаанаар намын даргыг сонгох талаар хэлэлцсэн юм. Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын нэрийг Монгол Ардын намын даргад нэр дэвшүүлж буйгаа Их хурлын төлөөлөгчдөд танилцуулж, нэр дэвшигч Н.Учрал бодлого, мөрийн хөтөлбөрөө илтгэв.

Мөн танхимаас Монгол Ардын намын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав намын даргад нэрээ дэвшүүлэв. Ингэснээр намын даргад нэр дэвшигчид бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүлж Их хурлын төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

Ингээд намын даргын сонгуулийг нууц санал хураалтаар явуулж, саналын дүнг тооллогын комиссын даргаар ажилласан УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулав.

Нийт 2086 төлөөлөгч саналаа өгсөнөөс хүчинтэй 2079 санал, хүчингүй долоон санал гарсан байна. Нэр дэвшигч Н.Учрал 1974 санал буюу 94.95 хувийн санал авч ялалт байгууллаа. Харин нэр дэвшигч Б.Лхагважав 105 санал буюу 5.05 хувийн санал авчээ

МАН-ын шинэ дарга тамгаа гардан авч буй бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

МАН-ын дарга Н.Учралын хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Ийнхүү “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриатай болж буй Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг Монгол Ардын намын даргаар сонгов. Түүнд намын даргын тамгыг Монгол Ардын намын дарга асан, 32,33 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, хуралдааныг даргалагч, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал нар гардуулан өгч баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.