МАН-ын дарга хэн болох вэ?
УИХ-ын 2024 оны сонгуулиар олонх болсон МАН-ынхан дотроо зөрчилтэй нэлээд удлаа. Учир нь 2025 оны есдүгээр сарын 28-нд болсон МАН-ын Бага хурал дээр тус намын даргад УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэр дэвшиж өрсөлдсөн нь асуудлын эхийг тавьсан.
Тодруулбал, өнгөрсөн зуны зургадугаар сард Ерөнхий сайд болсон Г.Занданшатар нэрээ дэвшүүлсэн. Түүнтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөөр гарч ирсэн. Асуудал ингээд эхэлсэн байдаг.
Явсаар тус Бага хурлаар болсон сонгуулийн дүн улс төрийн хувьд “унаж”, шүүх хүчингүй болгосон. Улмаар, маргааш эхлэх МАН-ын Их хурлаар намын даргыг сонгохоор болсон.
Харин Бага хурал дээрээ МАН-ын даргад өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хоёр Их хурал дээрээ нэр дэвшихгүй нь. Ерөнхий сайд Г.Занданшатар “…Намын даргад өрсөлдөхгүй” хэмээн уржигдар мэдэгдэл хийв.
Мөн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өчигдөр “…Намын даргад нэр дэвшихгүй” гэдгээ мэдэгдлээ. Д.Амарбаясгалан “Миний хувьд улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг ил тод тогтоолгохдоо итгэлтэй байна. Худал үнэн хоёр цаг хугацааны шалгуураар тос усаараа ялгаран гарах нь гарцаагүй.
Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, МАН-ын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, МАН-ын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна” гэжээ.
Түүний мэдэгдлийг “…Д.Амарбаясгалан МАН-ын даргад дахин нэр дэвших аргагүй болтол хуулийн шахаанд орсон. Түүнчлэн МАН-ын дарга нараас бүрдсэн ажлын хэсгийнхэн ч дахин нэр дэвшихийн эсрэг дүгнэлт гаргасан юм байна. Тиймээс шалгуулж үнэн мөнөө тогтоолгохоо хэлжээ” хэмээн “тайлцгааж” байна.
Ингээд сүүлийн сар гаруйн хугацаанд МАН-ын даргын албан тушаалыг тойрсон улс төрийн үл ойлголцлын “гол дүр”-үүд нэрээ татлаа.
Тиймээс, бас л овоо хэд хоног яригдаж буй “гурав дахь хувилбар” гарч ирэх нь тодорхой боллоо.
Өчигдрийн байдлаар Тэргүүн Шадар сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хоёрын нэр МАН-ын даргад хүчтэй яригдаж байлаа. Гэхдээ, “…Энэ хоёр эрхмээс Ж.Энхбаяр нь бараг болчих байх” гэсэн хүн олон байв.
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сүүлийн өдрүүдэд нэлээд идэвхтэйгээр хэвлэлээр гарч эхэлснийг зарим ажиглагч намын даргын сонгуультай холбон тайлбарлаж байгаа.
Ямартай ч Н.Учрал уу, Ж.Энхбаяр уу, нэг нь МАН-ын 32 дахь даргаар сонгогдох магадлалтай дуулдаж байна. Харин МАН-ын дарга болсныхоо дараа УИХ-ын даргад нэр дэвших магадлалтай. Учир нь, Д.Амарбаясгаланг 2025 оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын даргаас чөлөөлснөөс хойш энэ албан тушаал эзгүй бүтэн сар болж байгаа юм. Албан бус мэдээллээр “…МАН-ын Их хурлын дараа УИХ даргатай болно” гэсэн. Мөн Г.Занданшатар МАН-ын даргад нэр дэвшихгүй ч Ерөнхий сайдаараа үргэлжлүүлэн ажиллах нь бараг тодорхой байна. Тиймээс МАН-ын шинэ дарга УИХ-ын даргад нэр дэвшиж, уг албан тушаалыг давхар хашихаар “зурагдаад” байгаа бололтой. Өмнө нь манайд УИХ-ын дарга, намын даргын албан тушаалыг хамтад нь нэг хүн хашиж байсан жишээ туршлага бий.
З.Энхболд УИХ-ын дарга байхдаа АН-ын дарга болж 2015-2017 онд ажилласан. Бас М.Энхболд 2013 онд МАН-ын дарга болоод 2016 онд УИХ-ын даргаао сонгогдож, энэ хоёр албан тушаалтай 2017 оны арваннэгдүгээр сарыг хүртэл явсан байдаг. Түүнчлэн сар гаруйхны өмнө Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа МАН-ын даргад нэр дэвшээд Бага хурлаасаа сонгогдсон билээ.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 215 (7712)
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.