🔴Д.Энхтуяа: Бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг илүү нэмэх хэрэгтэй

AI хөрвүүлсэн

УИХ дахь Ардчилсан намын зарим гишүүд цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Төсвийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш ахмадууд хүчтэй тэмцэл өрнүүлж, Ардчилсан намын эмэгтэйчүүд тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж ирсэн. Анхны төсвийн төслөөр ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг 6%-иар нэмэхээр тусгагдсан ч, инфляцтай уялдуулан нэмэх шаардлагатай гэсэн саналыг хүргүүлсний үндсэн дээр  8% хүртэл нэмэхээр болсон. 

Халамжийн төвөөс авсан албан ёсны тоо баримтаар 572 мянган төгрөгийн тэтгэвэртэй 32550 ахмад, 571-688 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 26500 ахмад, 689-889 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 205 мянган ахмад, 681 мянгаас сая төгрөгийн тэтгэвэртэй 180 мянган ахмад, саяас сая 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй 66 мянган ахмад, сая 500-аас 2 сая төгрөгийн тэтгэвэртэй 16 мянган ахмад, 2 саяас 3 сая төгрөгийн тэтгэвэртэй 8 мянган ахмад, 3 саяас дээш төгрөгийн тэтгэвэртэй 1 мянган ахмад байгаа. Нийт тэтгэвэр авч байгаа ахмадын тоо 412 мянга байна.

Ахмадуудын 50% нь тэтгэврийн доод хэмжээ болох 572 мянган төгрөгийг авч байгаа бол 93% нь 1.5 сая төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Жагсаж буй ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж байгаа нь өнөөгийн инфляцтай нөхцөлд энгийн амьдрах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Төсвөөр тэтгэвэр 8%-иар нэмэгдэх нь тодорхой болсон бөгөөд 572 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөгөөр, 572-688 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 45-55 мянган төгрөгөөр, 689 мянган төгрөгийн тэтгэвэртэй бол 55 мянган төгрөгөөр, 689 мянгаас сая төгрөгийн тэтгэвэртэй бол 55-80 мянган төгрөгөөр, саяас сая 500 төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд 80-120 мянган төгрөгөөр, сая 500-аас 2 сая төгрөгийн тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 120-160 мянган төгрөгөөр, 2 саяас 3 сая төгрөгийн тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 160-240 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Нийт тэтгэвэр авагчдын 93% нь сая 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэртэй байгаа тул тэдний тэтгэврийг 45-60 мянган төгрөгөөр нэмэх нь бодит дэмжлэг болж чадахгүй. Иймд нэмэх 8%-ийн хүрээнд бага тэтгэвэртэй ахмадуудад зориулж 100 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлэх зохицуулалт хийх саналыг Засгийн газарт хүргүүлэхээр болсон

Гэсэн хэдий ч 689 мянган болон 577 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудад энэ нэмэгдэл хаанаа ч хүрэхгүй бөгөөд 40-55 мянган төгрөгийн нэмэгдэл нь гурил, будаа, талх, түлээ, нүүрсээ бэлдэхэд ч хүрэлцэхгүй байна. Ахмадуудын 7% нь л 2 сая төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа бол тэдгээр хүмүүст 170-250 мянган төгрөг нэмэгдэж байгаа нь шударга бус гэж үзэж байна.

Ахмадуудын ихэнх нь бага тэтгэвэр авч байгаагийн шалтгаан нь ажилласан жил хүрэлцэхгүйгээс хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгож байгаа болон 1990-ээд оноос өмнө цалин тэтгэврээ тогтоолгосон ахмадуудын тэтгэвэр тухайн үеийн цалингийн ханшаас шалтгаалан бага тогтсонтой холбоотой. Нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн 7% нь 2 сая төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгааг ойлгож байгаа ч 90%-ийн ахмадуудаа бодолцож, уян хатан ажиллах шаардлагатай.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27.1-д заасны дагуу инфляцын түвшнээс хамааруулан жил бүр тэтгэврийг нэмэх ёстой. Нэмэгдүүлэх аргачлалыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Засгийн газар болон НХХЯ-ныхан энэ аргачлалаар хувь хэмжээг тэнцүүлэх, бага тэтгэвэр авч байгаа ахмадуудаа тэтгэврийг тэнцүүлэх тал дээр илүү анхаарч ажиллахыг хүсэж байна

Тэрбээр мөн бага тэтгэвэртэй ахмадуудын мөнгө 30-40 мянгаар нэмэгдэх нь хангалтгүй тул Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27.1-д заасны дагуу дотор нь зохицуулалт хийх эрх нь Засгийн газарт байгааг сануулж, бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг ахиухан нэмэх боломжтойг онцоллоо.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.