🔴Х.Ганхуяг: Ногоон, улаан лааз өргөж байгаа нь зарим саналаа дэмжүүлэх гэсэн санаа

AI хөрвүүлсэн

Төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор үүсээд буй хэд хэдэн маргааны талаар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг:

-Улаан, ногоон лааз өргөсөн нь Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Байнгын хорооноос гарсан саналуудаа болж өгвөл төсөвт тусгуулахыг гуйж байгаа болохоос биш, гишүүдийг удирдана гэж байхгүй.

Дэмжихгүй байхыг хүссэн саналууд нь 2026 онд бүх төсвийн хөрөнгө оруулалтыг татах, төсвийн тэнцэлд оруулах, зөвхөн цалин, тэтгэврийг нэмэх гэсэн саналууд байсан. Хэрэв эдгээр санал дэмжигдвэл, төсөв задрах, төсвийг батлах боломжгүй болох нөхцөл үүсэх байсан. Хуулийн хугацаанд буюу 11 сарын 15-нд төсвөө батлуулах ёстой. Хөрөнгө оруулалтгүй болж, дан тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, цалин нэмсэн тохиолдолд инфляцын түвшин ирэх жил 20-иос дээш хувиар нэмэгдэхээр тооцоолол гарч байгаа. Тийм саналуудыг дэмжихгүй байх саналыг л хүргэсэн гэсэн үг.

Байнгын хорооны хурал найман цаг үргэлжилсэн. Хуралдаан даргалж байхдаа бие засах шаардлагатай болоод Т.Аубакир гишүүнийг түр орлож даргалуулахаар үлдээсэн. Цахим бүртгэлтэй байдаг учир өөрийнхөө бүртгэлээр орсон гэж бодоод миний нэрээр санал өгчихсөн байсан. Тиймээс санал хураалтуудыг бүгдийг нь Байнгын хороо руу буцааж, дахин санал хураалт явуулсан.

Төсвийг Засгийн газраас өргөн барихдаа 170 гаруй тэрбум төгрөгийн зөрчилтэй гэсэн саналууд гарсан. Тэндээс багасгаж болохыг нь багасгасан. Төсвийн дэгийн хуулийг шинэчлэхгүй бол хуулийн зөрчилтэй санал хураалтууд үргэлжилсээр байна. Төсөв гэдэг зөвхөн цалин тэтгэвэр биш, төрийн үйлчилгээ, дараа жилийн хөгжлийн төлөвлөгөө юм гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.