🔴Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байгааг илрүүлжээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан 22-ын товчоонд ажиллаж, сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийлээ.

690ec9abe337fe7967a307aa

690ec9b4e337fe7967a307ab

Энэ үеэр нийслэлийн Засаг даргыг орлогч А.Амартүвшин "Мэдээллийн дагуу шалган нэвтрүүлэх пост дээр хяналт шалгалт хийж, хагас коксон түлшийг нууцаар тээвэрлэж буй зөрчлийг илрүүллээ. Энэ нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсээс түлш гаргахыг хориглосон журмыг зөрчиж байна. Тээвэрлэж явсан нүүрсний хэмжээг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах хүлээн авах цэгт хүргүүлнэ. Нийслэлийн хэмжээнд жил бүр нүүрсний хяналттай холбоотой зөрчил ихээр гардаг. Өнгөрсөн онд 100 мянган тонн нүүрс хотын бүсээс орон нутаг руу дамлан гаргасан тохиолдлууд илэрсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн хэмжээнд “Hotula” аппликэйшнийг нэвтрүүлж, улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбон, түлшний хуваарилалт, сайн картын бүртгэлийг бодит цагийн горимоор хянах болсон. Улаанбаатар хотод 172 мянга гаруй айл нүүрс хэрэглэж байгаа ч бүртгэлтэй картын тоо 280 мянгаас давсан. Энэ нь илүү карт ашиглан нүүрс авч орон нутагт 10–15 мянган төгрөгөөр дамлан худалдах зөрчлийг бий болгож байна" гэлээ.

690ec9bfe337fe7967a307ac

ТЦА-ны ахлагч Б.Ганболд "Экологийн цагдаагийн албанаас мэдэгдсэнээр сайжруулсан болон хагас кокс түлшийг хотын бүсээс гаргах зөрчил суудлын болон ачааны тээврийн хэрэгслүүдээр удаа дараа илэрч байна. Өнгөрсөн долоо хоногт 95 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь гэмт хэрэг бус, нийслэлийн нүүрсний хангамжийн бүртгэл, хяналтын тогтолцоог зөрчсөн захиргааны шинжтэй зөрчил учраас хуулийн дагуу торгох арга хэмжээг авч, ажиллаж байна" гэв.

690ec9e4e337fe7967a307ad

НЗДТГ-ЫН ХМОНХХ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.