🔴 Хянан шалгах түр хороо байгуулах санал хураалт удаа дараа "бүтэлгүйтэв"
Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэв.
Хянан шалгах түр хорооноос Тавантолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийснээр стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордтой холбогдуулж олон нийтийн мэдэх эрх хангагдаж, иргэд Таван толгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт, эдийн засгийн үр өгөөж, нөөцийн талаар бодит мэдээлэлтэй болно хэмээн үзжээ.
Хянан шалгах түр хороо нь Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг БНМАУ 1940-1990 он хүртэл 50 жилийн хугацаанд улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн бөгөөд тус ордын бүрэлдэхүүн болох "Ухаа худаг"-ийн хэсгийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэлгүй шийдвэрлэсэн эсэх талаар дүгнэлт гаргана
Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Р.Батболд, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн нар ажиллах юм байна.
Тус Хянан шалгах дэд хороог байгуулах эсэх асуудлаар чуулганы хуралдаанд санал хураалт явуулсан ч "бүтэлгүйтэв". Эхний хоёр удаад санал хураалт явуулсан ч техникийн алдаа гарсан хэмээн дахиулсан. Гурав дахь санал хураалт дээр хуралдаанд оролцсон 72 гишүүний 46 нь дэмжиж, 46 нь дэмжээгүй тул уг хороог байгуулах санал дэмжигдсэнгүй гэж хуралдаан даргалагч зарлав.
Үүний дараа гишүүд эсэргүүцэж техникийн алдаа гарсан хэмээн шүүмжиллээ. Жишээ нь УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Горимын санал гаргая. Төхөөрөмж гацсан. О.Алтангэрэл гэж би нэрээрээ 3 удаа дэмжиж өгсөн ч татгалзсан гэж гарлаа. Мөн Х.Баасанжаргал гишүүн дэмжсэн ч татгалзсан гэж гарлаа. Энэ санал хураалтыг хүчингүй болго" гэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Батжаргал "Тоног төхөөрөмж техникийн сааталтай байна гэж шүүмжлэл гарлаа. Энэ асуудлаа шийдтэл манай намын бүлэг тав хоногийн завсарлага авья" хэмээв.
Ингээд ирэх долоо хоногийн чуулганы эхний асуудал болгож уг асуудлаар дахин санал хураалт явуулахаар болж хуралдаан завсарлав.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.