Г.Занданшатарын засгийн газрыг авч үлдсэн кноп түүхэн дээд өртөгт хүрэв

Г.Занданшатарын засгийн газрыг авч үлдсэн кноп түүхэн дээд өртөгт хүрэв

Ердөө наймхан жилийн өмнө МАН-д үе шилжилт явагдаж М.Энхболд тэргүүтэй ах нараасаа намын эрхийг авах гэсэн залуус "Таван гар"-ын тэмцэл өрнүүлж байлаа.

Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн дотроо хоёр хуваагдаж 32, 33-ын бүлэг болж байж. 2012-2016 онд засгийн эрхийг барьсан Ардчилсан намын балгаар улсын эдийн засаг -1,6 хувьд хүрч унасан нь сүүлийн 20 жилд тохиож байгаагүй улс төрийн "гамшиг" болсон нь үнэн. Хэт дор орсон эдийн засагтай улсыг "Мэргэжлийн засгийн газар" хэмээн нэрийдэж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар 1,2-хон жилийн дотор +5,3 хувьд хүргэж чадсан ч харамсалтай нь дотоод улс төрөө дийлэлгүй 2017.09.17-ны өдөр огцорч байв.

Жил хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн улс төрийн зөрчилд 33-ын бүлэг ялсан бөгөөд тэдний кноп "ЖДҮ хэрэг" буюу Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс кноп тус бүрт нэг тэрбум орчим төгрөг буюу 950 сая төгрөг "өгсөн" нь тодорхой болсон байдаг. Энэ талаар тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Оюундарь өгсөн ярилцлагадаа "Хэн танил талтай нь тэр зээлийг авдаг нь үнэн. Хэн мэдээлэлд ойр байгаа нь ч зээл авч чаддаг" хэмээн гэнэдэн ярьснаас "гал дэгдсэн" гэхэд болно. ЖДҮ хэмээх бялууг Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах кноп дарсан гишүүд ижил тэнцүү хувааж авсан жишиг одоо ч үргэлжилж байна.

Нэг тэрбумд хүрсэн кноп өдгөө 5 тэрбумд хүрэв

Найман жилийн дараа буюу энэ оны намраас МАН-д дахин үе шилжилт явагдаж эхэлжээ. 60-аад оны төлөөлөл болох М.Энхболдоос булаан авсан улс төрийн эрх мэдлийг одоо 70-аад оныхноос 80-аад оныхон авахаар зэхэж байна. Тэд өнгөрөгч сард Г.Занданшатарын засгийн газрыг огцруулах явцыг өрнүүлсэн. Засгийн газрыг авч үлдэх кноп тэрбумд хүрлээ, гишүүдийн халаасанд 100 мянган ам.доллар хийгээд гадаадад аялуулж ирц будлиантууллаа, хувийн бизнестэй гишүүдийг дарамталж байна гэх мэдээллүүд хөвөрсөн. Мэдээж аль нь ч батлагдаагүй.

Харин ирэх оны улсын төсвийн хуваарилалт хийгдэх үеэр Г.Занданшатарын засгийн газрыг авч үлдэх кноп 5-6 тэрбум төгрөгт хүрсэн нь тодорхой болов. Тодруулбал, цалингаа нэмэхийг шаардсан эмч, багш нарын жагсаалын хариуд Сангийн сайд Б.Жавхлан "Манай улсад ямар ч мөнгө байхгүй. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасны улмаас орлого тасарсан. Үсрээд л 10 хувь нэмэх боломжтой" хэмээн өдөр бүр давтан ярьж, үнэхээр ч энэ улс орон дампуурах хэмжээндээ хүрсэн юм биш биз дээ гэх болгоомжлолыг төрүүлж байсан. Засаг огцрохтой зэрэгцэн гадаах жагсаал гал өрдөж мэдэх учраас хамгийн идэвхитэй жагсаж буй багш нарын амыг таглахын тулд цалинг нь 2,8 сая төгрөгт хүргэх тохироо хийснээр эхний ээлжийн галыг намжаав.

Харин энэ долоо хоногт улсын төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг хийгдэх үеэр засгийн газрын кнопын үнэ нийтдээ 360 тэрбум төгрөгт хүрсэн нь тодорхой боллоо. УИХ дахь МАН-ын 36 гишүүн, Ардчилсан намын 36 гишүүн уг шагналыг хүртэж буй бөгөөд тэд тойрогтоо хийх хөрөнгө оруулалт нэрээр нэг гишүүн 5-6 тэрбум төгрөгийн "шагнал авч буй"-г сөрөг хүчин болоод буй бусад гишүүд нь дуу дуугаа авалцан хэвлэлийнхэнд зарлав. Гэсэн ч Г.Занданшатарын талын гишүүд дээрх эсэргүүцлийг үл тоов. Тэд инээж байгаад төсвөө батлуулж /ингэх ч кнопын ирцтэй/ үлдэх бололтой.

Гэвч Г.Занданшатар улс төрийн галаа дарж чадах уу? 

Эхний ээлжинд өрнөсөн багш нарын цалин нэмэх жагсаалыг хоёр үе шаттайгаар 2,8 саяд хүргэх тохироо хийж ажил хаялтыг намжаасан ч өнөөдөр эсрэгцэн эмч нар жагсаж эхэллээ. Тэд цалингаа 3,5 саяд хүргэхийг шаардаж, ажил хаялт хийхээр төлөвлөж буйгаа зарлав. Тэдэнтэй зэрэгцээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч халамж, тэтгэмжээ нэмэгдүүлэхээр талбай дээр жагсаж эхэллээ. Ядаж байхад долоохон хоногийн дараа МАН-ын ээлжит Их хурал болж, намын шинэ удирдлагын асуудал хүчтэй хөндөгдөнө. Хэдийгээр ялсан мэт харагдаж, кноп дарсан нөхдөө ард түмний халааснаас авдаг татвараар аргалсан ч Их хурлын улс төрийг дааж чадах эсэх нь эргэлзээтэй. 

Дампуурах шахсан улсын төсвийн мөнгөнөөс дахин МАН-ын Их хурлын гишүүдийг лоббидох хэрэг гарах уу? 

Жинхэнээсээ улсаа дампууруулах их тэмцэл эхэлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.