Ардчилсан намын дарга болон зарим УИХ-ын гишүүд БНСУ-д суугаа монголчуудтайгаа уулзана
Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажиллаж байна.
Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Б.Түвшин, Д.Энхтуяа нар багтжээ. Тэд БНСУ-д ажиллах албан томилолтын хүрээнд тус улсад суралцаж, ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монголчуудтайгаа уулзалт хийх аж.
Уулзалт БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны уулзалтын танхимд 2025 оны 11-р сарын 06-ны өдрийн 17:00-20:00 цагт болно. Уулзалт зохион байгуулагдах байрны хэмжээнээс шалтгаалан оролцогчдын тоо хязгаартай тул уулзалтанд оролцох хүсэлтэй иргэд доорх QR код болон https://url-shortener.me/8OVZ холбоосоор нэвтэрч урьдчилан бүртгүүлнэ үү.

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тус улс руу явахынхаа урд өдөр /2025.11.04/ БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой уулзсан билээ. Энэ үеэр БНСУ-д ажиллахдаа тус улсад оршин суугаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж тэдний нөхцөл байдал, санал хүсэлттэй танилцах төлөвлөгөөгөө ярьж, түүний дараа Үндэсний ассамблейн дарга, гишүүдтэй уулзаж уламжлах болно гэсэн.
Элчин сайд Чой Жин Вон Солонгос улсын өнөөгийн Ерөнхийлөгч тус улсад ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдийн эрх зүйн байдлыг сайжруулахад илүү их анхаарал хандуулж байгаа тул Солонгос дахь Монгол иргэдийн нөхцөл байдал бодитойгоор сайжирна гэж итгэж байна, цаашид энэ чиглэлээр нээлттэй хамтран ажиллахыг хүсье гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.