МҮОХ-оос Азийн Залуучуудын наадамтай холбоотой нөхцөл байдал, санхүүжилттэй холбоотой мэдэгдэл гаргажээ

МҮОХ-оос Азийн Залуучуудын наадамтай холбоотой нөхцөл байдал, санхүүжилттэй холбоотой мэдэгдэл гаргажээ
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Азийн Залуучуудын наадамтай холбоотой нөхцөл байдал, санхүүжилттэй холбоотой илт ташаа мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор Монголын Үндэсний Олимпийн хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ.
 
Гурав дахь удаагийн Азийн залуучуудын наадам Бахрейны Манама хотноо 10-р сарын 22-31-ний өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Уг наадамд Азийн 45 орны 4000 гаруй тамирчид 26 спортын төрөлд 264 багц медалийн төлөө өрсөлдөв. Монголын багийн тухайд 20 спортын төрөлд 134 тамирчинтайгаар оролцож 5 мөнгө, 13 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 30-р байранд жагслаа. Энэ бол Монголын багийн хувьд Азийн залуучуудын наадамд үзүүлж байсан хамгийн өндөр амжилт билээ.
 
Уг наадамд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа багийн дэд ахлагчаар ажиллаж, наадмын туршид шигшээ багийн тамирчид, спорт холбоодыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан.
 
Багийн хувцас, хэрэглэлийн талаар: МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганаар ахлуулсан ажлын хэсэг дэлхийн тэргүүлэх спорт хувцасны брэнд “361”-тэй урт хугацааны туршид хэлэлцээр хийсний үр дүнд 100%-ийн ивээн тэтгэлэг хэлбэрээр залуучуудын наадамд оролцох багийн хувцас, хэрэглэлийг шийдвэрлэсэн билээ. Олон улсын жишгийн дагуу хийгдсэн энэхүү гэрээ нь Монгол улсын олимпын хөдөлгөөнд эзэлж буй байр суурийг бүрэн илэрхийлсэн эерэг үйл явдал болсон билээ.
 
Нэг тамирчинд олгогдсон хувцас хэрэглэл, гутал, цүнх зэргийн зах зээлийн ханш нь 3-4 сая орчим төгрөгийн үнэтэй бөгөөд үүнтэй холбоотой МҮОХ болон бусад төрийн байгууллагуудаас ямар нэгэн санхүүжилт гараагүй гэдгийг харицлагатайгаар мэдэгдэж байна.
 
Тамирчдын буудлын асуудлын талаар: Жүдо бөхийн баг Азийн залуучуудын наадам явагдаж буй Бахрейн улсын Манама хотноо 10-р сарын 27-ны өдрийн 01:10 цагт газардаж, 03:00 цагийн орчимд байрлах зочид буудалд хүрэлцэн ирсэн болно. Зочид буудлын дотоод журмын дагуу тамирчдын өрөө суларч орох цаг нь 14:00 байхаар заасан ч МҮОХ-ны штабын тавьсан санал хүсэлтийн дагуу 06:00 цагт өрөөндөө орохоор зохицуулалт хийсэн.
 
Монголын жүдо бөхийн холбоо нь энэхүү нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэл авсан байсан бөгөөд нэмэлт зардал гаргахаас татгалзсан тул хагас өдөр хүлээх шийдвэрийг албан ёсоор гаргасан болно.
 
Олон нийтийн сүлжээнд “Галбадрах Отгонцэцэг” хуудаснаас анхлан тараагдсан жүдо бөхийн тамирчдын буудлын лоббид байгаа дүрс бичлэг нь агуулгын хувьд илт гуйвуулсан хэлбэртэйгээр тараагдаж байгаад харамсаж байна.
 
Тус холбооны зүгээс олон нийтийг төөрөгдүүлж, буруу ойлголт үүсгэж буй уг мэдээллийг удаа дараа гаргаж байгаагаа зогсоож, албан ёсоор залруулга хийнэ гэдэгт итгэлтэй байна. МҮОХ нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохиогдож буй олон улсын олон төрөлт уралдаан тэмцээнд шигшээ багаа зохион байгуулж оролцох үүргээ биелүүлэхдээ тамирчдыг улс төрийн аливаа нөлөөлөлд өртөхөөс хамгаалах, спортын зарчим, шударга байдлыг чанд баримтлан ажилласаар ирсэн. Уг асуудлыг МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн хурлаар албан ёсоор хэлэлцэж, шийдвэр гаргана.
 
Залуучуудын наадамд үзүүлсэн санхүүжилт, дэмжлэгийн талаар: МҮОХ нь 1956 онд байгуулагдсан үндэсний болон олон улсын хэмжээнд олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилго бүхий Төрийн бус байгууллага билээ. Манай байгууллага төрөөс ямар ч санхүүжилт, дэмжлэг авдаггүй бөгөөд зөвхөн олон улсын төсөл хөтөлбөр, түнш байгууллагын дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
 
Залуучуудын наадамтай холбоотой зардал, санхүүжилтийг тухайн спорт холбоод бие даан шийдвэрлэдэг бөгөөд нийт гарах зардал, холбогдох нөхцөл байдлын мэдээллийг МҮОХ-оос тогтмол солилцож, боломжтой шийдлүүдийг эрэлхийлж ажилласаар ирсэн
 
МҮОХ-оос Бахрейн улсад явагдсан Азийн залуучуудын наадамд оролцсон спорт холбоодын зардалд зориулан 80 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг үзүүлсэн болно. Үүнийг “Баттүшиг Цэлмүүн сан”, ивээн тэтгэгч байгууллагууд болон МҮОХ-ны нөөцөөс бүрдүүлсэн болно.
 
МҮОХ нь олимпын үнэт зүйлсийг хамгаалж, олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлж, спортын системийг институтын түвшинд хөгжүүлэх эрхэм зорилготой ажиллаж байна. Спорт холбоод, спортын зүтгэлтнүүд, спортын хорхойтнууд та бүхнийг тамирчдын эрх ашиг, нэр хүндийг ямагт хамгаалж, аливаа зорилготой агуулга, ташаа мэдээллээс ангид үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байна.
 
Хэвлэл мэдээллийн байгууллагууд Азийн залуучуудын наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол noc@olympic.mn undral@olympic.mn хаягаар албан хүсэлтээ илэрхийлж, мэдээлэл авах боломжтой гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.