Өөрт ашиггүй учир үнэ чөлөөлдөггүй юу!

Өөрт ашиггүй учир үнэ чөлөөлдөггүй юу!

Таван жилийн өмнө Уул уурхайн сайд байсан Ж.Ганбаатар “Улсын шатахууны сав гэж байдаггүй. Улсынхаа нөөцийг хувийн хэвшилд өгч хадгалуулдаг. Иймээс жилээс жилд нэмэгдэж байгаа шатахууны хэрэглээг гүйцэж, нөөцөлж чадахгүй байна” хэмээн ярьж байв. 

Гэтэл өдгөө түүний орыг залгасан Г.Дамдинням сайд мөн нөөцлөх савгүй байгаа тухайгаа ярьсаар байх юм.

Ашгийн төлөө ажилладаг аж ахуйн нэгжүүд мөнгөгүйдээ, ашиггүйдээ нөөцлөх сав бэлддэггүй юм биш. Төр шатахууны үнэд нөлөөлдөг, зах зээлийн жамаар биш хүчээр барьдаг учраас аж ахуй нэгжүүд нөөцөө бүрдүүлж чаддаггүй гэдгийг ойлгоход дахиад хэдэн жилийг зарцуулах юм бол...

Үнийг аажмаар чөлөөлөн, зах зээлийн горимд шилжүүлнэ. Төрөөс үнийг хүчээр барих нь цаашид явцгүй. Гал унтраасан, цаг зуурын арга хэмжээ биш, бодитой, дорвитой алхам хийх цаг болсон” гэдэг үгийг бид дахиад хэдэн жил сонсох бол...

Нефть, шатахууны салбарт тусгай зөвшөөрөлтэй 170 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдийг хэвийн үйл ажиллагаагаа явуулахад саад бологч нь төр, үнийг хүчээр барьдаг төрийн бодлого болоод байна. Үүнээс болоод дэлхийн зах зээлд баррель нефтний үнэ буураад байхад Монголд буурдаггүй. 1990 оны эхээр монголчууд шатахууны хомстол ярьж байсан, түүнээс 30 жил өнгөрөөд байхад бахь байдгаараа ярьсаар л байна. Бодлого өөрчлөгдөхгүй бол 2060 онд ч хомстолд орсоор байх нь.

2021 онд шатахууны үнийг чөлөөлж байв. Тэгэхэд литр тутамдаа 170 төгрөгөөр нэмэгдэж байсан. “Инфляцид нөлөөлөөд байна” хэмээгээд буцаагаад хүчээр барьж ирсэн. Шатахуун импортлогч компаниудын лобби ч байсан биз.  

Угтаа бол, төр төмөр гараар үнийг барихаа больчихвол шатахууны үнэ дэлхийн үнийг дагаж хөдөлдөг болно. Шатахуун импортлогчид төрийн дарамтгүй, өр төлбөргүй ажилладаг болно. Төсвийн дарамт ч дагаад буурах юм.

Наймдугаар ангийн хүүхэд ч үүнийг мэддэг болчихоод байхад бодлого баригчид ойшоохгүй байсаар. Үнэ чөлөөлчихөөр өөрсдөд нь ашиггүй байдаг байх л даа. Өөр дүгнэлт алга!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.