🔴 ҮХЦ: УИХ нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа Үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн

🔴 ҮХЦ: УИХ нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа  Үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцэж дууслаа. 
Их суудлын хуралдаанд Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргаллаа. 
Нэхэмжлэгч буюу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж оролцож байгаа бол гэрчээр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж, шинжээчээр хуульч О.Машбат нар иржээ.
Харин УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Ц.Сандаг-Очир, Н.Номтойбаяр, М.Мандхай С.Ганбаатар Ч.Номин, Ц.Идэрбат, Б.Баярбаатар нар оролцсон ч ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан өөрөө үндсэн хуулиа зөрчиж байна, УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй гишүүдийн бүх хүсэлт гомдлыг хэлэлцэж авч үзсэнгүй. Шударга шүүхээр шүүлгэх эрхийг ҮХЦ олгосонгүй хэмээн хуралдааныг орхин гарсан билээ. 
Гэсэн ч Их суудлын хуралдаан үргэлжилж УИХ-ын төлөөллийн оронд УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржоос тайлбар авах хэлбэрээр хуралдсан. Өглөө 8:30 цагт эхэлсэн хуралдаан дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. 
Дүгнэлт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Дүгнэлт нийт 38 хуудастай. ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг 3 хоногийн дотор яаралтайгаар зарласан нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 хоногт багтаан шийдэхгүй бол УИХ тарах, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох зэрэг нэн яаралтай шийдвэрлэх асуудал мөн гэж үзсэн тул хуралдааныг яаралтай горимоор зарлан хуралдсан болно. 
УИХ-ын чуулганы 2025.10.17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан 95 дугаар тогтоол нь гурван агуулгаар зохих хуулиудыг зөрчсөн гэж үзлээ.
Үүнд, 
-УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы хуралдааныг даргалахдаа "Дэмжээгүй" саналыг "дэмжье" гэсэн агуулгаар санал хураалгасан нь Үндсэн хууль зөрчсөн
-Ерөнхий сайдыг огцруулахдаа Байнгын хорооны саналаар санал хураасан УИХ-ын 95-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн,
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025.10.16 болон 17-ны хоёр өдрийн ирцийг нийлүүлэн 51%-аар ирц бүрдүүлж хуралдсан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.