🔴Ж.Энхбаяр: Байнгын хорооны саналыг сонсоод, УИХ Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулъя гэж санал хураадаг юм
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шийдвэрийг дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар гаргасан. Хуралдаанд 111 гишүүн оролцсоноос 71 гишүүн саналыг дэмжсэнээр нийт гишүүдийн 64 хувийн саналаар Ерөнхий сайд Г.Занданшатар огцорлоо. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буй юм.
Чуулганы хуралдааны дараа тус Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өөрийн байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:
-Засгийн газрыг огцруулсан тогтоол Үндсэн хууль зөрчлөө. Яагаад гэвэл хэлсээр байтал Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж шийдлээ. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, институци тэр чигээрээ хөдөлгөөнд ордог. Үүнээс урьдчилан сэргийлж, тогтвортой байлгахын тулд УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх буюу 65 гишүүн санал хураалгах ёстой. Байнгын хорооны саналыг сонсоод, УИХ Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулъя гэж санал хураадаг юм. Одоо 2-3 хоног харна. Үндсэн хуулийн цэцийн дээр тэнгэр л байдаг. ҮХЦ энэ хурал хууль зөрчсөн гэж үзвэл саяны шийдвэр хүчин төгөлдөр бус болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.