Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

Сүүлийн өдрүүдэд төрийн ордонд өрнөж буй үйл явдлуудаас хэн нь хэн бэ гэдгийг монголчууд бид тов тодорхой харж чадав.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гэсэн хоёр талд хуваагдаж хэлэлцэх гэж буй асуудалтай холбогдуулан нэг бол чуулганд сууна, үгүй бол суухгүй зугтацгаав. Ингэх шалтгаан нь ердөө өөртөө ашигтай шийдвэр гарахаар шинжийг ажиглаж буй хэрэг.

Хамгийн эмгэнэлтэй нь Ардчилсан намын бүлэг.

Өчигдөр тус намын дарга О.Цогтгэрэл хэвлэлийнхний өмнө хоёр ч удаа гарч ирэн мэдэгдэл хийж, сөрөг хүчний үүргээ биелүүлж, "хоёр даргын асуудлыг хамтад нь хэлэлцвэл манай бүлгийн гишүүд хуралдаа сууна" гэсэн. Тус намын дүрмээр +3 одтой шийдвэр буюу илүү дутуу үггүйгээр олонхын шийдвэрийг дагах хатуу зарчим дээр нэгдсэнээ хэлэв. 

Улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт амжиж хийхгүй бол ирэх оны төсөв баталж чадахгүйд хүрнэ, хуралдаа идэвхтэй оролцооч хэмээн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өчигдөр чуулганы индэр дээрээс хоолойгоо сөөтөл зарласан. 

Үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, УИХ-ын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Д.Амарбаясгалан дарга дээрх хоёр шалтгааны улмаас өгөв. Ингээд ТББХ УИХ-ын даргын хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, АН-ынхны хүсээд байснаар чуулганы хуралдааны тов дараалалд дарааллуулан оруулсан ч тус намын бүлгийн гишүүдийн тал хагас нь ирсэнгүй.

Товчхондоо, Г.Занданшатар талын гишүүд чуулганы хуралд оролцвол Засгийн газар унах тул сандал суудалтайгаа зууралдах гэсэн ирмүүн их хүслийнхээ хязгаарт баригдан танхимд орж ирэхгүй байгаа гэж ойлгож болно. Гэвч намын бүлгийнхээ шийдвэрт нэгдсэн АН-ын гишүүд яагаад орж ирэхгүй байгаа нь хамгийн сонин

Угтаа тэд л ийм шийдвэрийг хүссэн, сөрөг хүчний үүргээ биелүүлж талцаж хуваагдан төрийн ажлыг цалгардуулж буй эрх баригчдын зодооныг улам хурцатгахыг хүссэн. Гэтэл намын даргынхаа үгийг ч тоолгүй чуулганы танхимд ирцээ бүртгүүлэхгүй байгаа гишүүдийн цаана дан хувийн эрх ашиг явагдаж байгаа нь нэн тодорхой болов.

Өчигдөр хэвлэлийнхэнд яриа өгсөн гишүүн бүрийн амнаас дарамтад орж буйгаа, бусад нь нөхөд нь дарамтлуулж буйг илэрхийлсэн үг олноор гарав. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын гишүүдийг чуулганы танхим руу оруулахгүй, буцааж хөөжээ. С.Ганбаатар гишүүн "тусламж аврал эрсэн" дохиог чуулганы танхимд үзүүлж гадныхныг хөшөөн цочоов. Эмгэнэлтэй нь энэ нь зүгээр илэрхийлэл байсан хэмээн шөнө дунд сэтгүүлчдэд "ярив".

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, М.Нарантуяа-Нара гишүүн нарын хэлснээр хүн бүр албан тушаал, мөнгө төгрөг, ажил төрлөө бүтээх гээд байдаг юм уу ордон дотор тойрч гүйлдэцгээгээд ямар нэгэн юм хүлээгээд байна гэх. Хувийн бизнестэй гишүүдийг кнопоор тохиролцож ажил амлах, эс хүсвэл бизнесийг нь оролдох, шалгалт оруулахаар айлгасан тохиолдол ч гарсан гэх. Хамгийн хэцүү нь шорон оронгоор айлгаж түгшээх явдал энэ өдрүүдэд ил далд хэрээс хэтрэв...

Энэ бол эмгэнэл. Тэд ердөө л түмний эрх ашигт үйлчилнэ гэж төрд гарч ирчихээд Засгийн газрыг унагалгүй авч үлдвэл хувьдаа ямар эрх ашиг ирэхийг түрүүнд тавьж байна. Иймээс ч чуулганы хуралдаанд оролцож хамгаалаад байгаа Г.Занданшатарыгаа ч тэр, хөөхийг хүссэн Д.Амарбаясгалангаа ч тэр явуулах кноп дарах зүрхгүй болчихож. 

Өнөөдөр энэ янзаараа үргэлжилбэл 13:30 цаг гэхэд Үндсэн хуулийн том зөрчил үүснэ. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт албан ёсоор гарвал гурав хоногийн дотор хэлэлцэж, 10 хоногийн дотор эцэслэн шийдэх хуулийн хугацаа дуусгавар болсноор Үндсэн хуульд зааснаар монголын парламент өөрөө тарах юм.

Г.Занданшатар тэргүүтэй Засгийн газрыг хамгаалж үлдэх гэсэн хувийн амбицаасаа болж түмний итгэж байгуулсан төрөө тараавал монголын түүхэнд хар мөр үлдээх анхны тохиолдол болно. Иймд өчигдрийн чуулганы хуралдаанд орж ирэхгүй, төрийн ажлыг гацаасан УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО! 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 5 өдөр өмнө
УИХ-ыг тарахыг шаардаж жагсацгаая. Мөнгөний боолуудыг төрөөс зайлуулцгаая. Ийм мөнгөний боолуудыг бид толгой дээрээ залах учиргүй.
USER 5 өдөр өмнө
та нар бас сайхан худлаа юм бичих юмаа, хаана тэр УИХ тарна гэж байгаан ? Битгий худлаа сэвээд байгаач