🔴LIVE: Ц.Сандаг-Очир: Одоо чуулган дээр ТББХ "дэмжээгүй" гэдгийг "дэмжье" гэдэг томьёоллоор санал хураана
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир нарын гишүүд тус байнгын хорооноос гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
ТББХ-ны хуралд оролцсон гишүүдийн дийлэнх нь "Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийг газрыг огцруулахыг дэмжихгүй" гэж санал өгсөн. ТББХ-ны энэ санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх дэгийн тухай хуультай юм.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир:
-Нэр бүхий гишүүд бид Засгийн газрыг огцруулах саналыг өргөн бариад ес хонож байна. Үндсэн хуулинд зааснаар энэ асуудлыг гурав хоногийн дараа хэлэлцэж, арав хоногт багтаан хэлэлцэж дуусгах хуультай.
ТББХ энэ тухай гурав дахь удаагаа хуралдаж байж өнөөдөр шийдвэрээ гаргалаа.
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 101,2-т зааснаар "Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна", 101,3-т "Нэгдсэн хуралдаан, байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна" гэсэн. ТББХ-ны хурлаас гарсан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулна. ТББХ-ны ажил дууслаа. Одоо УИХ-ын чуулганы ажил эхэллээ.
ТББХ-ны хуралд 32 гишүүн суухаас 20 нь суусан. Ирц хангалттай хүрсэн. Санал хураахад Г.Занданшатарын засгийн газрыг авч үлдсэн. "Огцруулахыг дэмжихгүй" гэсэн. Үүнийг чуулган хэлэлцэх ёстой.
Засгийн газрыг огцруулах асуудлыг анх удаа хэлэлцэж байгаа биш. Засгийн газрыг огцруулсан сүүлийн гурван удаагийн тохиолдлыг УИХ-ын архиваас авч харахад, ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж байжээ. Иймээс гишүүд одоо хуралдаа орох хэрэгтэй байна. ТББХ-ны "дэмжихгүй" гэдгийг "дэмжье" гэдэг томьёоллоор санал хураана. Чуулганы хуралдааныг бойкотлох нь жинхэнэ Үндсэн хуулийн зөрчил болно. Зарим гишүүд өчигдөр, уржигдархан "Төсвөө хэлэлцье" гээд байсан. Засгийн асуудлаа эхэлж хурдан шийдчихээд төсвөө хэлэлцмээр байна. Цас орчихлоо, багш нар ажил хаячихлаа. Бензин шатахуун олдохгүй боллоо...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.