🔴Чуулганы хуралдаан эхэлсэн ч гишүүд орж ирэхгүй "тойрч зугтацгаав"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2025.10.16/ 10:00 цагаас хуралдуулахаар тов зарласан байсан ч одоог хүртэл гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг эхэлж хэлэлцээд араас нь ирэх оны төсвийн тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Өглөө 8:30 цагт ТББХ-ны хуралдаанаар асуудлыг хэлэлцэж "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжих" гэсэн томьёоллоор санал хураалгасан ч хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь татгалзаж, гурав нь зөвшөөрснөөс уг асуудал "унасан". Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй /126 гишүүнээс 48 нь ирсэн/ байгаа тул уг асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна.

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж эхэлбэл Г.Занданшатар талынхан ялагдах магадлал үүссэн аж. Иймээс тэдний зүгээс асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхгүй, ядаж л цаг хожих талаар арга хэмжээ авч эхэллээ. Үүний тод жишээ нь чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд Ж.Батжаргал, Г.Дамдинням нарын гишүүд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад бичиг өгөөд чуулганы хуралдаанд суухгүйгээ илэрхийлж гарч явжээ.

f87cc3c913644e0999eb58093261c698

Мөн УИХ-ын гишүүдийг чуулган руу оруулахгүй, буцааж хөөх зэргээр гишүүдийн бүрэн эрхэд халдах үйлдэл гарч эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын гишүүдийг чуулганы танхим руу оруулахгүй, буцааж хөөжээ. 

Ийнхүү хоёр тал талцан маргалдаж байгаагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байна. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гишүүдийг чуулганы хуралдаандаа орж ирж ирцээ бүрдүүлэхийг сануулсаар байна. 

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: 

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.5-д Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн тохиолдолд намын бүлэг, эвсэл болон УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байх, эсхүл орхин гарахыг зөвшөөрдөг. Харин бусад шалтгаанаар нам, эвсэл, УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байх, орхин гарахыг хориглоно гэсэн заалттай. Гэтэл УИХ, Засгийн газрын гишүүд чуулгандаа оролцохгүй, ирэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Өнөөдрийн чуулганы хуралдааныг иргэд олон нийт маш анхааралтай ажиглаж байна. Саналаа өгсөн болон таны тойргийн гишүүд хэн нь, яагаад чуулгандаа оролцохгүй байгааг харж байгаа шүү хэмээн санууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.