🔴С.Бямбацогт: Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар унагаах гэж байна

Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороогоор "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье" гэсэн томьёоллоор санал хураахад 22 гишүүн оролцож, 86.4 хувь нь огцруулахыг дэмжээгүй билээ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: 

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн олонх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон. Эдгээр гишүүдээс гуравхан нь "Огцруулъя" гэж санал өгөөд, 19 гишүүн "Огцруулахгүй" гэж санал өглөө. Засгийн газар, Ерөнхий сайдын асуудлыг ямар томьёоллоор хэлэлцэх гэж байгааг хуралдаан даргалагчаас тодруулах гэсэн боловч горимын саналыг хүлээж авсангүй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай уулзаж, тодруулахад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг "Байнгын хорооноос гаргасан томьёоллоор санал хураана" гэсэн. Ингэвэл Үндсэн хууль зөрчинө гэдгийг хэлэхэд "Мэдэж байгаа" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулах асуудлыг өнөөдрийн чуулган хэлэлцэх гэж байна.

Ердийн хуулиудыг байнгын хорооны саналаар санал хураалт явуулдаг. Ерөнхий сайдыг огцруулах асуудал бол өөр тусгай дэгээр явдаг. Үндсэн хуульд заасан томьёоллоор санал хураах ёстой байтал Төрийн байгуулалтын байнгын хороон дээр "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн томьёоллоор санал хураалгаж, Их Хурлын гишүүдийн хуультай танилцах боломжийг хааж байна. Энэ бол цаашлаад төрийн эрх мэдлийг хууль бусаар авах үйлдэл болох гэж байна гэлээ.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: 

-2016 оноос хойш Парламентын гишүүнээр ажиллахдаа ийм увайгүй үйлдлийг анх удаа харж байна. УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир өчигдөр ярилцлага, тайлбар өгөөд шүлс нь хатаж амжаагүй байхад өнөөдөр танихыг аргагүй хүн болсон байна. Хуулийг гууль болгож, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус замаар авах увайгүй үйлдлүүдийг гаргаж байгааг нь хуулийн, мөн ёс зүйн зүгээс тайлбарлах арга алга. 

Саяхан "Засгийн газрыг огцруулъя" гэж байсан УИХ-ын гишүүд гэнэт манай Засгийн газарт хайр зарлаж, өнөөдөр бүгдээрээ "Огцруулахыг дэмжихгүй" гэж Төрийн байгуулалтын байнгын хороон дээр саналаа өглөө. Ингээд ТББХ-н дээр гарсан "Дэмжихгүй" гэдэг саналыг чуулган дээр "Дэмжье" гэх байдлаар санал хураалт явуулж, 64 давахгүй бол Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргахаар ажиллаж байна. Энэ бол Засгийн газрыг хууль бусаар огцруулах арга заль, ов мэх гэж үзэж байна. Ийм үйлдэлтэй бид эвлэрэхгүй гэв.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

-Тооны хэлээр бол "Хасах хасахын нэмэх" гэдэг ийм буруу зам руу, УИХ-ыг Үндсэн хууль зөрчих булан руу аваачиж байна. УИХ дээр Засгийн газрыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн тусгай дэгийн дагуу санал хураах хүртэл бидний хэсэг нөхдүүд УИХ-ын ирцэд орохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.