🔴У.Отгонбаяр: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх шийдвэрийг гишүүд гаргалаа
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хурал хуралдаж дууслаа. УИХ дахь МАН-ын 38 гишүүний гарын үсэгтэй санал гаргаж бүлгийн хуралдааныг хуралдуулахыг хүссэн. Ингээд би бүлгийн дэд даргын хувьд хуралдааныг зохион байгуулж, хуралдаж дууслаа хэмээн УИХ-ын гишүүн У.Отгонбаяр хэлэв.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:
-Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөгийн нийгэм улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Гишүүдээс горимын санал гаргаж чиглэл өгөх тогтоол гарсан. Хоёрдугаарт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн хуралд 36 гишүүн оролцсон гэв.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Инфляцын түвшинтэй уялдуулж цалин тэтгэвэр нэмэх үүрэгтэй. Төсвөөс хэмнэж болох зардлын тооцоолол гаргаж, боломжит хэмжээнд нэмэх шийдэл гаргахыг Засгийн газарт үүрэг өгөхөөр боллоо.
МАН-ын бүлгийн дэгийн хуралдааны дэгд зааснаар даваа гарагт хурал зохион байгуулах ёстой ч УИХ-ын тухай хуульд чуулган гэдэгт нэгдсэн, байнгын хороо, түр хорооны хуралдаан, мөн намын бүлгийн хуралдааныг хэлнэ гэж заасан. Бүлгийн хурал бол парламентын үйл ажиллагааны нэг хэсэг тул бүлгийн хуралд дарга оролцох нь үүрэг юм. Сүүлийн хоёр долоо хоног хурал хуралдуулаагүй тул эрх ашгийн зөрчил үүслээ гэж үзсэн. Мөн гишүүдийн эв нэгдлийг хангаж чадсангүй, байнгын хорооны хуралд ирц бүрдүүлж чадсангүй гэж үзсэн. Өнөөдрийн хурлыг бүлгийн гишүүдийн олонхийн саналаар хурал зохион байгуулж болно гэж заасан дэгийн заалтаар хуралдсан. Бүлгийн даргын үүргийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр түр орлон гүйцэтгэнэ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Багш нарын цалинг 20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувь нэмэгдүүлэх чиглэл өгөгдсөн. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг боломжит хэмжээгээр танах, төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг дээр санал хураалт явуулж, ажлын хэсэг байгуулан ажиллана. Цалинг боломжит хэмжээгээр эх үүсвэр олж нэмэх шаардлага үүслээ. Хөрөнгө оруулалтыг аль болох багасгахгүй. Харин урсгал зардал, төсвийн тусгай шаардлагууд дээр таналт хийх байдлаар УИХ-д хэлэлцүүлнэ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Төсвөө өргөн бариад 45 хоносон ч хоёр дахь хэлэлцүүлгээ ч хийж чадаагүй байна. Эмч, багш нар жагсаж байна. Иймд асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага үүсч байна. Засгийн газартай холбоотой асуудлыг ч гишүүд тавьсан. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлууд ундран гарсаар байгаа ч бүлгийн дарга цаг үеийн асуудлыг хэлэлцэхгүй байна. 2025.10.09-нд долоон гишүүн бүлэг хуралдуулах шаардлага өгсөн ч хариу өгөөгүй. Өнөөдөр ч 38 гишүүн хүсэлт өгөхөд хариу өгөөгүй. Маргааш багш нарын ажил хаялт, нөгөөдөр чуулганаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх гэж байна. 16 цагийн орчимд өрөөнд нь очиж уулзаж шаардлагаа хэлсэн ч "Бүлэг хуралдуулах боломжгүй" гэх мэдээлэл өгсөн. Гишүүд хүлээгээд орж ирсэнгүй. Ийм учраас бүлгийн хурлыг хуралдуулж асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн санал нэгдэж, санал хурааж, бүлгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.