🔴Ж.Галбадрах: Маргааш багш нарын ажил хаялт эхлэх гээд байхад намын бүлэг хуралдахгүй байна
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах "Eрөнхий сайд багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлаар мэдэгдэл хийгээсэй гэж хүсэж байна" хэмээв. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Ж.Галбадрах: Бид Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас гарч ирлээ. Багш эмч нарын цалинг нэмэх асуудлаар ярилцлаа. Өглөө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга руу орж бүлгийн хурлаа хийж улс төрийн шийдвэр гаргах, Ерөнхий сайд Засгийн газарт хандая гэсэн. Маргааш багш нарын ажил хаялт эхлэх гээд байна. Холбогдох сайд нартай уулзаж хариулт авах гээд зөндөө явлаа. Эхлээд улс төрийн шийдвэр гаргаад цааш явах шаардлагатай. Эцэст нь Eрөнхий сайд багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлаар мэдэгдэл хийгээсэй гэж хүсэж байна. Эхлээд багш нарын цалинг 1,8 сая, намраас 2,5 сая, цаашлаад 3,5 сая хүртэл нэмье гэсэн. Гол нь энэ шийдвэрээ бодитой болгох хэрэгтэй байна.
Би боловсролын салбарын судалгааг хийсэн. Багш нарын хүртээмж үнэхээр чухал асуудал болоод байгаа. Тооцоолол хийж танилцуулсан. Төсөв дээр боломж эрэлхийлсэн саналууд бэлдчихээд байхад бүлэг, байнгын хороо, чуулган хуралдахгүй байна. Багш нарын ажил хаялт эхэлчихвэл нийгэмд сөрөг нөлөө үзүүлнэ шүү дээ. Багш нарын цалинг нэмэхээр 100 тэрбум төгрөгийн төсөөлөл ирэх жилийн төсөв дээр орсон байна лээ. 560 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Бид эрх барьж байгаа нам. Бүлгийн улс төрийн шийдвэр нэн чухал байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.