🔴Б.Баасандорж: Энэ 4 дэх өдрийн чуулганы хуралдаанаас өмнө ТББХ хуралдах ёстой
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байв. Гэвч УИХ дахь АН-ынхан бүлэг мөн цагт хурал зарлаж, нэг ч гишүүн байнгын хорооны хуралд орж ирсэнгүй. Мөн, ХҮН намынхан хуралдаа суусангүй.
АН-ын бүлгийн хурал, ТББХ-ны хуралдааны цагийг давхцуулахаар ирц бүрдэхгүй асуудал үүссэн үү гэх сэтгүүлчдийн асуултад УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж хариулав.
УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж:
-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар ээлжит болон ээлжит бус чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтоодог. 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй саналаа хэлэлцээд баталдаг.
Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх ТББХ-ны хуралдаанд 32 гишүүнээс 28 нь оролцох боломжтой гэсэн ч яг бодит байдал дээр 4-5 гишүүн байсан тул хуралдааныг хойшлуулсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх нь тодорхой. УИХ-аар арав хоногийн дотор хэлэлцэгдэх ёстой. Энэ 4 дэх өдрийн чуулганы эхний асуудлаар орох нь батлагдсан байгаа. Тиймээс чуулганы хуралдаанаас өмнө ТББХ хуралдах ёстой.
УИХ-ын даргыг огцруулах санал УИХТГ-т ирээгүй. Ирэх ч ёсгүй. Аравдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын удирдлагад ирсэн. Мөн ТББХ-гоор хэлэлцэнэ. Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр нийт гишүүдийн 4/1 санал гаргасан бол хэлэлцэж эхэлдэг. УИХ-ын дарга дээр нийт гишүүдийн 50 хувь нь үндэслэл бүхий саналыг 64 буюу түүнээс дээш гишүүд өргөн мэдүүлбэл ТББХ, УИХ хэлэлцэнэ.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг арав хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой байдаг бол УИХ-ын дарга дээр нарийн заасан хугацаа байдаггүй. Тэгэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэн эрхийн асуудал.
Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэх шаардлагыг тавьж байна?
-Батлагдсан хуваариар 4 дэх өдөр зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэнэ. ТББХ-ноос УИХ-ын даргын асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл рүү хүргүүлж, олонхоор шийдээд оруулах нь нээлттэй. Ерөнхий сайдын асуудлыг УИХ шийднэ. УИХ-ын даргын асуудал 126 гишүүний дотоод асуудал гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.