“...МАН тарах уу, тогтох уу” гэдэг нь генсек Я.Содбаатарын гарт очжээ

“...МАН тарах уу, тогтох уу” гэдэг нь генсек Я.Содбаатарын гарт очжээ

Төрийн ордонд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь улсын төсвийг хойш тавьж байгаад УИХ-аар орд газрууд, нүүрсний хулгайн “сэдэв”-ээр бие биеэ чичилж, цаашлаад цахим сүлжээнд тэр үгээ “сэвүүлээд” сууцгааж байна. Туйлын эмгэнэлтэй хэрэг юм.

Нэгэнт, Монголын төрийн эрхийг барих дээд байгууллагыг нүүрсний хулгай, орд газруудын хулгайтай хутгасан төрийн өндөрлөгүүд өөрсдөө байтугай, эзлэн суусан албан тушаалаа ч үнэгүйдүүлээд дууслаа. Гэхдээ эндээс, энэ зөрчил маргаан нь “...Монголын улс төрийн эв нэгдэл, эвдрэлцлийг улстөрчид өөрсдөө шийддэггүй. Уул уурхайн ордууд, баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй. Орд эзэмшиж, баялгийг халаасалсан цөөнх л зохицуулж байдаг юм байна” гэдгийг олон нийтэд ясанд нь тултал ойлгууллаа. Нэг үгээр хэлэхэд, энэ бүхэн Оюу толгой, Тавантолгой, түүний Ухаахудаг бүгдтэй нь холбоотой байна.

Харин наана нь, хэвлэл мэдээллийн редакц, сэтгүүлч, сурвалжлагч нар ч энэ эмгэнэлтэй үйл явдлыг “...Төрийн мэдээ, үйл явдал ” гээд бичиж дамжуулахад ч ичмээр болж байх шиг байна. Улс төрд самуурч орилж хашгирсан сэтгүүлчийн нэр бариачид ч олширлоо.

Улстөрчид УИХ-аар яригдаж эхэлсэн хэрүүлээрээ “...Намын зовлонгоо төрд чирж авчирсан” гэж бие биеэ буруутгаад байгаа юм. Яахав, тэр үнэн. МАН-ын цагаан байрнаас эхтэй. МАН дээр 2025 оны есдүгээр сарын 28-нд болсон намын даргын сонгуулийн маргаан Төрийн ордонд бужигнаан болоод ороод ирсэн. Тэр утгаараа, МАН-ын үйл ажиллагаатай холбогдоно.

МАН-ын даргыг сонгосон Бага хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ удирдсан. Тооллогын комиссын дарга нь УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан байсан. Тэд “...Д.Амарбаясгалан МАН-ын дарга боллоо” гэж зарласан. Гэхдээ тэр нь эцсийн шийд болж хадагдаж, хадгалагдаж чадаагүй юм. Энэ их сонин.

Нөгөө талд, Д.Амарбаясгаланг хууль, дүрэмд заасан олонхын саналыг авч чадаагүй гэж үзэж байгаа МАН-ынхны хэсэг байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын даргын сонгуулийн тухайд тус намынхан хоёр өөр байр суурьт хуваагдсан. Төрийн ордонд “шургалсан” МАН-ын зовлонгийн үндэс энэ. Тиймээс, сүүлийн хэдхэн өдөрт Монголын төрийн утгыг алдуулсан эмх замбараагүй явдлын ээдрээг Төрийн ордонд л лав тайлах аргагүй, МАН дээр л энэ асуудал шийдэгдэнэ. Гэтэл, МАН-д яг одоо албан ёсоор төлөөлчих дарга байхгүй болсон. Л.Оюун-Эрдэнэ болохоор 2025 оны есдүгээр сарын 28-ны үүрээр МАН-ын даргын тамгыг, өрөөнийх нь түлхүүртэй Д.Амарбаясгаланд өгчихсөн. Д.Амарбаясгалан хэдийгээр МАН-ын даргын тамгыг атгаад, өрөөнд нь орж суусан ч Дээд шүүх дээр бүртгэл хийгдээгүй байна. Дээд шүүхийн бүртгэлд “...МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ” гэж бий. Ингээд “...МАН-ын дарга хэн байгаа вэ” гэдэг нь өнөөдрийн хувьд тун ойлгомжгүй байдалд байгаа юм.

Харин МАН-ын дүрэмд “…Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь генеск хэрэгжүүлэх эрхтэй” гэж заасан. Тэгэхээр, МАН дээр яг одоо хамгийн том албан ёсны дарга нь генсек Я.Содбаатар байна. Мөн, МАН-ын дүрэмд генсекийг “...Удирдах зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх үүрэгтэй”, “…Удирдах зөвлөлийн хуралдааныг намын генсек зарлан хуралдуулна”, “…Намын дарга эсхүл Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь шаардсан бол генсек хуралдааныг зарлан хуралдуулах үүрэгтэй” гэсэн заалт бий. Үүнийг эшэлж сугалсны учир нь, МАН-ынхан, ер нь улс төрийн хүрээнийхэн “…МАН-ынхан Удирдах зөвлөлөө хуралдуулж энэ асуудлаа яриач ээ” гэж шахаж шаардаж эхлээд байгаа юм. Энэ явсаар, 100 гаруйхан жилийн тэртээ айлдсан Богдын бошгийг сануулж, бас “…МАН тарах цаг нь болсон” гэх зэргээр тус намын тухайд “ноцтой ирээдүй” яригдаад эхэллээ. Богдын бошго яахав, өдгөө хүчин төгөлдөр бус, түүх төдий гэж болно. Харин Ерөнхийлөгчийн “…МАН-ыг тараах тухай” 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд 04 дугаартай захирамж гаргасан. Тэр нь хүчинтэй хэвээр байна. Магадгүй, энэ захирамж өнөөдөр үйлчилж мэдэх л юм. Үгүй гэхийн аргагүй нөхцөл үүссэн. Тэгэхээр, “...МАН тарах уу, тогтох уу” гэдэг нь генсек Я.Содбаатарын гарт ирсэн байна. Тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд Дээд шүүхэд хандах ч юм уу, ямар нэг арга хэмжээ авч, асуудлыг нэг тийш болгох онцгой үүргийг хүлээж байгаа юм.

Б.ДАМДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 192 (7689)

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 12 цаг өмнө
MAN ene olon jil hulgai luivar avilga avdag avsan gishuun said naraasaa salaagui salahgui tsagt ingeed heruul temtsel duusahgui..ard tumen yaduursaar hohirsoor baih bno.Zandanshatariig uterus turgen zailuulah heregtei kabinetaar ni.
Вarchin.С 11 цаг өмнө
1/ УИХ-н дарга түр түдгэлзүүлж шалгуулж үнэн мөнөө олох; 2/ Б.Энхбаярыг хуульзүй дотоод хэргийн сайдаар томилох гэснийг хүчингүй болгох; 3/ МАН, намын даргаа сонгох ажлыг дахин явуулж сонгох, урьдах сонгуулын ажлаа хүчингүй болгох; гэх мэт ажлаа хийж, даргаа томилсоны дараа Ё/С-н асуудлаа шийдэх, гэх мэт ажлаа шуурхайлах нь зөв байх... Одоо их хурал, засгийн газар; Төсвөө батлуулж, өвөлжилтийн асуудалдаа шуурхайлан орох хэрэгтэй. Цаг явж байна. Өвөл хаяанд ирлээ... хэрэгтэй.....
Зочин 8 цаг өмнө
Яг зөв