🔴Ц.Сандаг-Очир: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэж, хуралдахаар болов.

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир: 

-Бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газрын хувь заяаны асуудал яригдаж байгаа учир асуудалд нухацтай хандаж, боломжийг нь олгож, улс төрийн намууд хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна. Түүнээс биш, ямар нэг хугацаа хожих, эсвэл өөр шалтаг шалтгаанаар хойшлуулаагүй.

Ерөнхий сайд Г.Занданшатар анхнаасаа асуудалд нотлох баримтгүйгээр хандсан учир түүнийг огцруулах бичигт би гарын үсэг зурсан. Сая энийгээ тодруулж асуухад, манай Ерөнхий сайд маань "Нэг барууны хэвлэлд гарсан мэдээллийг үндэслээд ийм асуудал болсон" гэж хэллээ. Ийм зүйл дээр үндэслээд 67 гишүүн УИХ-ын даргыг огцруулах хэмжээний юм яриад явж байгаа нь байж боломгүй асуудал. Өөрөө өөр нотлох баримт гаргаж ирсэнгүй.

Нэгдсэн чуулганыг хэзээ зарлахыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийднэ. Ер нь яаралтай хуралдах хэрэгтэй байгаа. Энэ маргааныг нэг тийш нь болгож, ажлаа хийх шаардлага байна. Төсвийн хугацаа тулж байна. Ард иргэд гадаа жагсаал цуглаан хийж байна. Өвлийн ид ачааллын үе эхэлж байна. Олон асуудлууд байгаа учир үүнийг нэг ч гэсэн хоногийн өмнө шийдэх нь хаа хаанаа ашигтай.

Төрийн байгуулалтын байнгын хороо 32 гишүүнтэйгээс өнөөдөр 22 гишүүн хуралдаанд суусан. Ардчилсан намын найм, ХҮН намын хоёр гишүүн хуралдаа ирээгүй гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.