🔴Б.Баярбаатар: Ард түмнээсээ ичиж байна
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Гишүүдэд дарамт ирж байгаа талаар би сонссон. Надад бол тийм юм ирээгүй. УИХ-ын гишүүдийн цаана, ар гэрийнхний эрхэлж байгаа бизнес рүү татварын шалгалт орох, хууль хяналтын байгууллагуудаар шалгаж байцаах үйл ажиллагаа болж байгааг хэлсэн. Энэ одоо дарамт мөн юм уу гэхээр мөн юм шиг байна. Нөгөө талаар урамшууллын зүйлс их явж байх шиг байна. Гарын үсэг зурсан гишүүд дээр ороод "Би онгоцны билетийг чинь шийдээд өгье. Гадагшаа нисчих" гээд гуйгаад явж байна. Гэхдээ тэр гишүүд нь хатуу байр суурьтай байна лээ.
УИХ-ын даргыг огцруулах асуудлын үндэслэлийг нь л харна. Засгийн газар буюу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах дээр П.Сайнзориг гишүүн хэд хэдэн үндэслэл гаргаж ирээд, ялангуяа АМНАТ-ын асуудлыг хөндсөн. Мэдээж нүүрс олборлодог, экспортод гаргадаг аж ахуй нэгжүүдийг дэмжих нь зөв. Гэхдээ хуулийн дагуу дэмжиж, хэн нэгэнд давуу байдал олгож болохгүй. Сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр зарим гишүүд ярилаа. Зарим нэр бүхий компани өнгөрсөн хугацаанд энэ тал дээр нэлээн лобби хийдэг, дарамт үзүүлдэг байсныг дурдсан. Энэ асуудал нь өөрөө нотолгоо мөн гэж харж байна.
Одоо энэ сандал суудлын буюу эрх ашгийн төлөөх тэмцлүүдээ больё. Гадаа өчнөөн олон хоног жагсаж байгаа ахмадууд, тэдний тэтгэврийн асуудлыг яах юм бэ? Багш, эмч нараа яах юм бэ? Цалингийн асуудлууд, төсвөө яах юм? Өвөлжилт хүндрэх гэж байгаа сумдуудаа яах юм? Энэ асуудлууд руугаа орохгүй бол бид нарыг ард түмэн үнэхээр жигшиж байна. Бид нар ч ард түмнийхээ өмнө үнэхээр ичмээр байдалтай байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.