🔴 А.Ариунзаяа: Г.Занданшатар дарга аа! Та яагаад намын зовлонг төрийн зовлон болгов?

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тус хороонд харъяалагдах 32 гишүүнээс 20 нь ирснээр хуралдаан эхэллээ.

Хуралдаан эхэлсний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай тусдаа уулзахаар болж 30 минутын завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул хуралдаан үргэлжиллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Г.Занданшатар даргаас нэг зүйл асууя. Та яагаад намын зовлонг төрийн зовлон болгов? Уг нь МАН-ын бага хурлаар намын даргад өрсөлдөж ялсан нэг нь тамгаа авах байтал та өнөөдрийн улс төрийн ийм хүнд нөхцөл байдлыг үүсгэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Та намын асуудлаа намын байрандаа ярь. Энд хуулийн дагуу хэлэлцэх асуудлаа л ярья. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Энэ бол төрийн тайз болохоос намын тайз биш. Та ялагдсаныхаа маргааш мэдэгдлээ хийхдээ үндсэн хууль зөрчсөн мэдэгдэл хийсэн. Та "Хулгайч байна, Хууль зүйн сайдыг солино" гэлээ. Энэ бол төрийн зовлон. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: Та бүхэн намайг 115 хоногийн өмнө 92 хувийн саналаа Ерөнхий сайдаар томилсон. Энд ямар ч Үндсэн хуулийн зөрчил байхгүй. Зөрчил байгаа эсэхийг та тодорхойлохгүй. Харин та өнөөдөр энэ асуудлыг хэлэлцүүлж байгаа нь төрийн зовлон болгосон хэрэг мөн.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Ерөнхий сайд аа! Та хэдээс хэдэн оны хооронд ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн даргаар ажиллаж байсан бэ? Та ҮАБ-ын хуралдаанд суудаггүй байсан юм уу? Төмөр замыг байгуулах шийдвэр анх хаана гарсан, хэн гаргасан юм бэ? Офтейк гэрээ гэж зүйл хэвлэлээр битүү гарч байна. Тэр гэрээ ил болох ч яахав. Гол нь нууцад оруулья гэсэн шийдвэрийг хэн гаргасан юм бэ? Би Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс давхар асууж байгаа юм шүү. 2019-2022 оны хооронд л тэр офтейк гэрээнүүд хийгдсэн юм билээ. Ул суурьтай ярьцгаая. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн түшээ хүн байж хуулиа сайн судал. ҮАБЗ зөвлөмж гаргадаг газар болохоос офтейк гэрээ байгуулдаг газар биш. Би лав тэр гэрээг харж ч үзээгүй. Ийм хэл ам 2023 оны нүүрсний жагсаалын дараа гарч гишүүд нууцын гэрээнд гарын үсэг зурж байгаад гэрээг уншиж үзсэн. Тэгээд офтейкийн гэрээ нууцаар ҮАБЗ-өөр ороогүй юм байна гэдгийг мэдсэн. Нарийн ширийн юмыг хууль хяналтын байгууллага тогтоох биз. Шийдвэриүүд бүгд баримттай ил тод болох ёстой. Нүүрийг нь үзүүлчихээд байна, гэрээнүүдийг ил тод болго гэж Н.Номтойбаяр гишүүн шаардсан, тэгээд л ил тод болгосон. АМНАТ тооцох журам хууль зүйн үндэслэлтэй. Засгийн газрын 55 дугаар тогтоол үндсэн хуулийн зөрчил үүсгээгүй. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд энэ журмыг гаргасан. Бодит үр дүнгээр 0 болоод зогссон байсан биржийн арилжаа 8,1 дахин өссөн шүү дээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Би дуугай л яваад байсан юм. Өнөөдөр ил тод ярилцах цаг нь болсоныг мэдлээ. МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаархнаа олонхийн санал авсан юм. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд анхаарах ёстой байтал сандал суудлын маргаан руу орлоо. Олон улс болоод олон нийтийн хувьд онигоотой байдалд орлоо. Би олон материалтай ирсэн. Төрийн ажил бол баримтад тулгуурлах ёстой болохоос цуу ярианд өртөх ёсгүй. 

Офтейк гэрээтэй холбоотой асуудал яагаад үүсэв? 2022 онд төлбөрийн тэнцэл 2,7 тэрбум болсон. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байсан. гааль дээр нүүрсний бүрдүүлэлт экспорт байгаад байгаа хэрнээ валют орж ирэхгүй байгааг сайд анх харсан. Офтейк буюу урьдчилан зарчихсан байсан. Гэрээнүүдийг тэгээд 2022 онд ил болгосон. Өчигдрийн яригдаад байгаа зүйлүүдээс нэмж ил болсон зүйл юу ч алга байна лээ. Шууд гэрээ хийх, худалдан авахтай холбоотой асуудлаар Тагнуулаас бичиг авахын тулд ийм бичиг авдаг. Үүнийг тагнуулын байгууллага нууц гэж үздэг. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Нууцад авах шийдвэрийг хэн гаргасан бэ гэж л асуугаад байна шүү дээ. Та хэдээс хэдэн оны хооронд ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн даргаар ажиллаж байсан бэ? Та ҮАБ-ын хуралдаанд суудаггүй байсан юм уу гэж асуусан. Та зөвлөмж дээр үндэслэж гэрээнүүд явсан гэж хариулах шиг боллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Ахиад хуулиа уншиж, хүний үгийг бүрэн ойлго гэж хэлмээр байна. Хууль үндэслэж шийдвэр гаргадаг. Хуулиар ТЕГ-ын саналыг үндэслэж Засгийн газар төрийн нууцад авах шийдвэрийг гаргадаг. Зөвлөмжүүдтэй танилцах эрх танд нээлттэй байна. Миний ажилласан цагийг бичиг баримтаас харчих.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Бодь группийн офтейк гэрээ байгуулагдаж байх үед Г.Занданшатар дарга ЗГХЭГ-ын дарга байсан. Би дараа нь ажлыг нь авсан. Гэрээтэй холбоотой асуудлыг нүүрсний сонсгол дээр хамгийн их ярихаар төлөвлөсөн. Бодь группийн хамгийн том хоёр офтейк гэрээнээс болж валютын нөөц яаж багасч байна вэ гэдгийг ярихаар нүүрсний сонсголыг зохион байгуулсан. Гэтэл асуудлыг тойрч тойрч байснаа Бортээгийн асуудал болж хувирсан. Бүх Засгийн газрын тогтоол шийдвэр байгаа бодитой зүйл шүү. Г.Занданшатар дарга өөрийнхөө хийсэн ажилд хариулах цаг болсон. Та яагаад төмөр замыг өргөн царигаар тавьсан бэ? Үүнээс болж ямар хохирол учрав?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хамт ажиллаж байсан хүмүүс зуун хоногийн дотор төрөл арилжиж, шинэ сери болсон гэж бодохгүй байна. Тойрч худлаа яриад яахав. АМНАТ-тай холбоотой асуудлыг Ж.Оджаргал захирал дандаа ярьж явдаг байсан. Сангийн сайд Б.Жавхлан над дээр орж ирээд "Байнга уулзаж байна, дарамтад ороод байна, би гүрийгээд байна" гэдэг байсан. Би энэ байр суурь дээрээ байгаа юм байна гэж ойлгосон. Улсаасаа том нэг компанитай болсон юм бол MCS улс гэж нэрээ өөрчилье. Нэг компанид давуу тал олгосон л асуудал шүү дээ. 

Өнөөдрийн хуралдаанд дараах гишүүд ирсэнгүй. Үүнд:

1. Б.Батбаатар
2. Ж.Баярмаа
3. А.Ганбаатар
4. Л.Гантөмөр
5. Т.Доржханд
6. Л.Мөнхбаатар
7. Н.Номтойбаяр
8. Г.Уянгахишиг
9. О.Цогтгэрэл
10. Ө.Шижир

11. Д.Энхтуяа

12. Б.Пүрэвдорж /өвчтэй/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.