🔴LIVE: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зуржээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг нэр бүхий гишүүд гаргалаа. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай саналыг гаргасныг мэдэгдэж байна.
Уг албан бичигт, "УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод байгаа нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагууд хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдүүлэх ёс зүйн шаардлагыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн. Гэвч та дээрх шаардлагыг хүлээн аваагүйн зэрэгцээ, ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах УИХ-ын үндсэн зорилт, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж байна.
...УИХ-ын гишүүн бид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг Монголын ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд Д.Амарбаясгалан таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, огцруулах саналыг үүгээр гаргаж байна" гэж бичсэн байгаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүрэгт ажлаа хаших ёс зүйн хэм хэмжээг давсан гэх үндэслэлээр огцруулах бичигт нийт 67 гишүүн гарын үсэг зурсан. МАН-аас 34, АН-аас 31, мөн бусад нам, эвслээс хоёр гишүүн нэгдсэн. Үүнийг одоо УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулж өгнө гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.