“Чингис хаан” банканд давуу байдал олгосон захирлын гэм бурууг дэнслүүлэх нь

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр,ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хэргийг нь дахиад шилжүүлжээ.
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, “М-Си- Эс групп”-ийн хамаарал бүхий “Энержиресурс” болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн оролцоотой “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг байгуулж, “Эрдэнэс Монгол”-ын харьяанд нэгтгэсэн байдаг. Эл компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр томилогдож байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч Л.Халиуны хамтаар албан тушаалаа урвуулж компанийнхаа Эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох 2.3 тэрбум шахам төг рөгийг “Чингисхаан” банканд байршуулж, давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас илүү үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийнх нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэг шийдвэр гаргаагүй байхад эрх мэдлээ ашиглаж, санхүүгийн нөхцөл байдал нь эрсдэлд орсон “Чингис хаан” банканд дээрх хэмжээний мөнгийг байршуулсан аж.
Уг хэрэгт нь прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна. Б.Баяндэлгэр, Л.Халиун нарт холбогдох хэргийг 2024 оны зун НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв. Гэвч шүүгч Г.Ууганбаатар урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэн прокурорт буцаах захирамж гаргасан юм. Хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурор уг захирамжийг нь үндэслэлгүй хэмээн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн ч хүлээж аваагүй тул АТГ-ынхан хэргийг дахин шалгаж, шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг хийгээд өнгөрсөн нэгдүгээр сард прокурорын хяналтад хүргүүлсэн байдаг.
Зургийн тайлбар: “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2019.04.30-нд хуралдаж, Гүйцэтгэх захирлаар Б.Баяндэлгэрийг томилов
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.